Он гарсаар хилийн зөрчил гараагүй байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-11 14:02:10

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймаг Тэс сумын нутгаар ОХУ-ын Тува улсын Резин хошуутай хиллэдэг бөгөөд сүүлийн таван жилийн судалгаагаар хилийн зөрчил харьцангуй буурсан үзүүлэлттэй гарчээ.

Он гарсаар ямар нэгэн зөрчил бүртгэгдээгүй байна. Хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өдөрт дунджаар 40 орчим хүн, 10 гаруй тээврийн хэрэгсэл зорчдог. Тэс суманд хилийн цэргийн 0277-р анги хил хамгаалах чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Хилийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хил хамгаалах байгууллага үндсэн 10 чиг үүрэгтэйгээр ажиллаж байгаа талаар хилийн цэргийн 0277-р ангийн захирагч мэдээлэв.

Баяр наадмаар хилээр зорчих иргэдийн тоо нэмэгддэг 

Арцсуурь дахь хилийн боомтоор баяр наадамтай холбоотой хилээр гарах иргэдийн тоо өсдөг ажээ. Он гарсаар тус боомтоор ОХУ-руу нийт 130 хүн гарчээ.

Эдгээр иргэдийн ихэнх нь Завхан аймгийн Улиастай болон хойд чиглэлийн Тэс, Баянтэс, Асгат сумын худалдаа эрхлэгч нар байна. Учир нь эдгээр бизнес эрхлэгчид ОХУ-ын Тува улс болон бусад ойр хотуудаас ихэвчлэн хүнсний болон гэр ахуйн бараа авчирч худалдан борлуулдаг ажээ. Ялангуяа томоохон баяр ёслолын өмнө хүнсний барааны татан авалт ихэсдэг байна. Харин өнгөрсөн 2018 онд тус боомтоор 15393 хүн зорчжээ. Үүнээс 8000 орчим нь хилээр орж ирж, 7600 гаруй хүн хилээр гарсан байна. Нийт зорчигчдын 37.9 хувь нь гадаад хүн, 62.1 хувь нь монгол хүн үйлчлүүлсэн байна. Харин 3960 тээврийн хэрэгсэл зорчсоноос суудлын машин 2012 орж, 1948 гарсан байна. Үүнээс суудлын машин нийт 3652, ачааны машин 303, мотоцикль хоёр зорчиж 727.65 тн ачааг боомтоор оруулж ирсэн тухай Арц суурь дахь хилийн боомтоос мэдээлэв. Эдгээр ачааны 60 орчим нь хүнсний болон ахуйн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн байдаг ажээ. 

Холбоотой мэдээ