Бишгүүр хөгжмийн тоглолт хийнэ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-05-11 13:37:37

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Алдархаан сумын сургууль аймагтаа анхдагч иж бүрэн тоноглогдсон мэргэжлийн хөгжмийн кабинеттэй бөгөөд Б.Явуухулангийн 90 насны ойгоор өөрсдийн тоглолтыг үзүүлэхээр бэлтгэж байна. 

Тус хөгжмийн кабинетын 40 орчим хүүхэд бишгүүр, морин хуур хөгжмийн аялгуу бүхий дан хөгжмийн тоглолтыг үзүүлэх аж. Тоглолтод 10 орчим бүтээлийг тоглох юм. Алдархаан сумын уугуул, хөгжмийн багш Ю.Дэлгэрнасан багшийн санаачилга хөөцөлдлөгөөний дүнд Дэлхийн банкны санхүүжилтээр 52 инчийн LCD телевиз, хоүм театр, акустик хавтан бүхий хөгжмийн кабинет байгуулаад хоёр жил болж байна. 

Кабинетын нээлтийн үеэр Ю.Дэлгэрнасан багш 62 ширхэг орчин үеийн бишгүүр хөгжим, уран зохиолын болон хөгжмийн холбогдолтой 60 гаруй номыг гардуулан өгсөн нь өдгөө тус сумын хүүхдүүдийг хөгжимд дуртай болгожээ. Өнөөдрийн байдлаар тус кабинетад 40 гаруй сурагч суралцаж байна.

Сонирхуулахад, Ю.Дэлгэрнасан багш анх Алдархаан сумандаа хүүхдүүдэд морин хуур хөгжмийг зааж, хамтлаг байгуулан улмаар аймгийнхаа 24 сум сургуулийн 3000 орчим хүүхдэд морин хуур хөгжмийг сургах давалгааг эхлүүлэн амжилттай сургажээ. Үүний үр дүнд Монгол Улсад Хүннү гүрэн байгуулсаны 2222 жилийн ойгоор 2222 морин хуурч хүүхдийн тоглолтыг үзүүлж байсан билээ. Өнөөдөр Завханы айл бүр, албан байгууллага бүр морин хуур хөгжимтэй болж мөн тоглож сурчээ.

 

Холбоотой мэдээ