"Цэмцгэр зун" бүх нийтийн цэвэрлэгээгээр 98 тонн хог цэвэрлэв

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-05-15 15:02:37

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ЗДТГ-аас "Цэмцгэр зун" бүх нийтийн их цэвэрлэгээг тавдугаар сарын 14-нд зохион байгууллаа.

"Багийн хөгжлийг дэмжих жил"-ийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан их цэвэрлэгээнд 195 аж ахуйн нэгж, байгууллагын 1366 ажилтан, албан хаагч оролцож хотын нийтийн эзэмшлийн зам, талбай болон өөрийн байгууллага орчмын эдэлбэр газрын 98 тонн хог цэвэрлэсэн байна.

Мөн сумын ЗДТГ-аас сар бүр нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард сумын төсөвт байгууллагын алба хаагчид, хувийн хэвшлийн төлөөлөл болсон 356 хүн 28 тонн орчим хог цэвэрлэж байжээ.

Албаныхан өмнөх жилүүдэд хэрэгжүүлж байсан хотын соёлыг дэлгэрүүлэх зорилтод ажлыг үргэлжлүүлж гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. 


Холбоотой мэдээ