“Унадаг дугуйтай Улаанбаатар” жагсаал 7 дахь жилдээ болно

Монголын мэдээ | Спорт
bolor@montsame.mn
2019-05-17 15:14:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, "Залуу дугуйчин" клуб  хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” жагсаалыг 7 дахь жилдээ буюу маргааш 15:00 цагаас МУИС-ийн төв байрны баруун талын автозамаас эхлэн зохион байгуулна.


МЗХ-ны  "Спирт үү? Спорт уу" аяны хүрээнд хэрэгжүүлж буй "Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрөөр унадаг дугуйн сонирхолтой аялал, жагсаалыг зохион байгуулдаг уламжлалтай.

Тус жагсаал нь байгаль орчинд хамгийн хор хохирол багатай унадаг дугуйн хэрэглээг олон нийтэд сурталчлах, авто машины хэрэглээг бууруулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, унадаг дугуйн зам, зогсоол, орчныг сайжруулах зорилготой.

Дугуйт жагсаалд 13-аас дээш насны унадаг дугуй унаж чаддаг хэн бүхэн оролцох боломжтой. Дугуйн жагсаал 7 км/ц хурдтай тайван явах тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс сүлжих, гүйцэж түрүүлэх, 2 гар тавьж явах гэх мэт илүү үйлдэл хийхгүй байхыг зохион байгуулагчид анхаарууллаа. 

Анх 2012 онд МЗХ-ны санаачилгаар авто машингүй өдрөөр зохион байгуулж байсан унадаг дугуйн жагсаал дугуйчин залуучууд, иргэдийн хүсэн хүлээдэг, спортоор хичээллэхийг олон нийтэд уриалдаг уламжлалт ажил болон өргөжсөн байна. 


Холбоотой мэдээ