“Бид–Бидний суралцсан Герман орон” номыг монгол, герман хэлээр хэвлэн гаргалаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-17 17:24:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/МЗЭ-ийн гишүүн, зохиолч яруу найрагч Б.Пүрэврэнцэнгийн “Бид–Бидний суралцсан Герман орон” хэмээх баримтат, уран сайхны ном монгол, герман хэлээр хэвлэгдэн гарлаа.

Зохиогч уг номдоо 2001-2003 оны хооронд ХБНГУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байсан Карл Дуйсбергийн нийгэмлэг буюу одоогоор бол Олон улсын мэдлэг мэргэжил дээшлүүлэх / INWENT/ төвийн шугамаар Монгол Улсад болон ХБНГУ-д олон улсын маркетинг менежментийн чиглэлээр 22-уулаа сурч боловсорсон тухайгаа 16 жилийн дараа бичиж хэвлүүлжээ. Герман улсын Олон улсын мэдлэг мэргэжил дээшлүүлэх төвийн шугамаар манай улсын олон залуус богино болон урт хугацааны сургалтад хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлж, зарим нь улс эх орондоо Герман орны хөгжлийн шинэ шинэлэг зүйлийг авчран хэрэгжүүлж байгаа аж.

Зохиолч, “Энэ номд өгүүлэгдэх зүйл бол зөвхөн миний нүдээр харж, чихээр сонсож, миний сэтгэл оюунаар хөглөгдсөн баримт, тэмдэглэл юм. Бусад 21 хүн мөн л өөр өөрийн ертөнцөөр тухайн үеийн суралцаж байсан үеийг тунгаасан байх. Эх дэлхий гэдэг өнөөдөр бараг нэгэн цул болжээ. Бид 2001-2003 онд төслийн удирдагч хатагтай Хелга Махмуд Вестердорптой уулзаж байсан бол 2010 онд Герман улсын Кольн хотноо гэрт нь уулзаж байв. ТростенТредэ багштай бол энэ хугацаанд хэд хэдэн удаа уулзаж амжжээ. Ингэхээр улс орнуудын харилцаа холбоо өндөр түвшинд гарсныг харуулж байна. Ном маань хэвлэгдэн гарах 2019 онд Монгол Улс, ХБНГУ-ын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой болж байгаа нь бас л сайхан хэрэг. Энэхүү номын агуулгаар ХБНГУ-ын Засгийн газар, ИНВЕНТ-д бас баярлаж талархсанаа илэрхийлж байна. ХБНГУ манай улсад олон төсөл хөтөлбөр өөрсдийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаагийн нэг нь энэ хөтөлбөр байсан билээ” хэмээн дурджээ.

Социализмын үед манай улсаас Герман улсад 30 мянга гаруй залуус их, дээд сургуульд сурсан байдаг аж. Зах зээл эхэлснээс хойш хувийн болон улсын зардлаар нэлээдгүй залуус суралцсаны нэг нь энэхүү урт хугацааны сургалтын хөтөлбөр байсан юм байна.

Зохиолч Б.Пүрэврэнцэнгийн энэхүү номыг хэвлүүлэхэд МУИС-ийн ангийн нөхөр, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа хувийн зүгээс дэмжлэг үзүүлсэн байна.  

Холбоотой мэдээ