Монголын Үндэсний музей сурагчдад түүх, соёлын хичээл заав

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-05-17 17:43:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын музейн зөвлөл олон улсын музейн өдрийг жил бүрийн тавдугаар сарын 18-нд тэмдэглэдэг уламжлал тогтоосон бөгөөд 2019 онд "Соёлын амин зангилаа нь музей: Уламжлал шинэчлэл" сэдвийн дор тэмдэглэж байна. 

Монголын Үндэсний музейгээс ЕБС-иудад музейн нийгэмд үйлчлэх үүрэг, хүртээмж, үр дүнг танилцуулах хөтөлбөр хэргжүүлж байна.  Өнөөдөр тус музей  Баянгол дүүргийн "Монгени" цогцолбор сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагч, багш нарт түүх, соёлын хичээл заалаа.

Орчин үед музейнүүд үзэгчдэдээ чиглэсэн, уян хатан, дасан зохицох чадвартай, интерактив хөтөлбөрүүд хэрэгжүүлэн дижитал технологийн шинэ эрэл хайгуул хийх болж байна. Музей, музейн сан хөмрөг нь мэдлэг, бүтээлч байдлыг хослуулсан бааз болж, харин музейн үзэгчид нь хамтран бүтээгч, мэдээллийг хуваалцагч, харилцагч болжээ.


Өнөөдөр дэлхийн музейд орчин үеийн нийгмийн асуудлууд, зөрчилдөөнийг шийдвэрлэх шинэлэг аргыг эрэлхийлж байна. Музей нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн тулд эерэг өөрчлөлтийг дэмжиж, эрсдлийг багасгах боломжтой. Аливаа музей нь соёлын зүрх болсон  байгууллагын хувьд,  соёл хоорондын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тайван замаар улс орнуудыг холбох, тогтвортой ирээдүйг тодорхойлох өргөн боломжтой.


Музейн нийгэм соёлд нөлөөлөх, оролцох үүрэг оролцоо нэмэгдэхийн хэрээр тэд өөрсдийн цуглуулга, түүх, соёлын илэрхийллийн олон талт төрлийг хүндэтгэх шинэ арга замыг эрэлхийлж, орчин үеийн үзэгчдэд хамаатай уламжлалыг бий болгодог.


Холбоотой мэдээ