Замын ослоор 12 хүүхэд бэртжээ

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-17 18:08:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба энэ долоо хоногт 1137 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 814 зөрчлийг шалгав. Замын осолд 12 хүүхэд бэртсэн бөгөөд 10 нь харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарч байжээ. 

 

Ослын улмаас энэ долоо хоногт нийслэлд 31 хүн бэртэж, дөрвөн хүн амиа алдсан бол орон нутагт хоёр хүний амь нас хохирсон байна. 


Ноцтой ослуудаас дурдвал, энэ сарын 16-ны 03.36 цагийн орчимд Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байдаг, “Алекс” их дэлгүүрийн урд замд марк, улсын дугаар нь тодорхойгүй автомашин 23 настай явган зорчигчийг мөргөж гэмтээн зугтжээ. Хохирогч ГССҮТ-д эмчлүүлж байгаад нас баржээ. Тээврийн цагдаагийн алба, Эрүүгийн цагдаагийн хэлтэс болон Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн алба хамтран шуурхай ажиллаж, "Nissan advan" загварын автомашины жолооч эл хэргийг үйлдсэнийг тогтоосон байна.


Мөн энэ сарын 16-ны 20.30 цагт Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны “MSM”-ын урд замд "Toyota Allion" загварын автомашинд 56 настай Ө мөргүүлж амиа алджээ. Сонгинохайрхан дүүргийн 21 хороо, Жаргалант тосгоны төмөр замын 352 дугаар гарман дээр  "Mitsubishi Pajero" маркийн автомашин галт тэрэгтэй мөргөлдөж, автомашины жолооч болон зорчигчийн нь амь нас хохирсон ноцтой осол гарчээ. 


Замын цагдаа нар 123 согтуу жолоочийг илрүүлж, хуулийн хариуцлага тооцжээ. Мөн жолоодох эрхгүй үедээ машин барьсан 18 иргэнийг баривчилжээ.

Холбоотой мэдээ