НАМЭХ-ны сонгуульт ажилтан эмэгтэйчүүд БНСУ-д айлчилж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-05-18 11:30:24

Өмнөговь /МОНЦАМЭ/  НАМЭХ-ны сонгуульт ажилтан эмэгтэйчүүд БНСУ-д айлчилж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд Өмнөговь аймгаас "Монгол говь" сонины эрхлэгч Ж.Сайнжаргал оролцож байна. Тэрээр НАМЭХ-ны тус аймаг дахь салбарын тэргүүнээр 2017 оноос хойш ажиллаж байгаа юм. 

Хоёр жилийн өмнө НАМЭХ, БНСУ-ын “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, өнгөрсөн оны 05 дугаар сард салбар зөвлөлөө Монголд байгуулан, анхны төслөө хамтран хэрэгжүүлж эхэлсэн. Энэ удаад НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаагаар ахлуулсан тус холбооны 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн сонгуульт ажилтнууд “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар тус улсад тав хоногийн айлчлал хийж байгаа аж. 

БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар байгуулсан “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага нь дэлхийн 10 гаруй улсад салбар нэгжтэй. “Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай, гэр бүл жаргалтай бол улс орон жаргалтай, улс орон жаргалтай бол даян дэлхий жаргалтай” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага юм.

Тус байгууллага бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, сул дорой эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажлын байртай болгох зэрэг чиглэлээр аз жаргалтай ээж, гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байна.

Айлчлалын хүрээнд эмэгтэйчүүд сургалтад хамрагдаж, ажлын туршлага солилцох, бизнес танилцах аялал хийх, үндсэн чиг үүргийнхээ дагуу зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд туслах сайн үйлсийн худалдаа зохион байгууллаа.