Сүхбаатар аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-05-18 20:41:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 05 дугаар сарын 18-21-ний өдөр цаг агаарын онц аюултай үзэгдэл болохтой холбоотойгоор Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ.

Улмаар аймгийн Онцгой комиссын дарга, Засаг дарга Ж.Эрдэнбаатар дараах мэдээллийг өгөв. 

Тэрээр хэлэхдээ, аймгийн Онцгой комисс өнөөдөр гурав дахь хуралдаанаа хийлээ. Өнөөдрөөс буюу энэ сарын 18,19-нд манай аймгаар дамжин өнгөрөх цасан шуурга, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослыг хохирол багатай даван туулах талаар эдгээр хурлаар хэлэлцэн, тодорхой асуудлуудыг шийдвэрлэлээ.

Аймгийн УЦУОШГ-аас өчигдөр буюу 05 дугаар сарын 17-нд цаг агаарын шар зэрэглэлийн буюу аюулт үзэгдлийн мэдээллийг өгч байсан бол өнөөдөр /05 дугаар сарын 18/ улаан зэрэглэлийн буюу харангын мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, анхааруулга харангын мэдээг өгч байна. 18, 19-нд аймгийн нийт нутгаар хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Үүний дагуу аймаг орон нутгийн зүгээс тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна.

05 дугаар сарын 18-ны 18 цагаас эхлээд 22-ны 08 цаг хүртэл аймаг даяараа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байна. Үүнтэй холбогдуулан гамшгаас хамгаалах мэргэжлийн анги байгууллага болон бүх төрийн байгууллага 24 цагийн ажлын горимд шилжсэн. Аймгийн гамшгаас хамгаалах төв штабыг байгуулан ажилдаа ороод байна. Гамшгийн зарлан мэдээллийн дохиог нийт хүн амд шуурхай хүргэх талаар бүх үүрэн телефоны компаниудтай хамтран ажиллаж байна. Ард иргэд, малчдад сэрэмжлүүлэг мэдээг сайн хүргэсэн.

Энэ удаагийн цасан шуурга өнгөрсөн хугацааны цасан шуургаас нөхцөл байдлын хувьд хүндэрч, цаг агаарын аюултай, бүр зарим тохиолдолд гамшигт байдал үүсч болзошгүй гэсэн мэдээллийг бидэнд ирүүлсэн. Тиймээс эдгээр тодорхой арга хэмжээнүүдийг авч байна. Аймгийн Онцгой комиссын гишүүд бүх суманд ажиллаж байгаа. Мөн аймгийн хэмжээнд байгаа туулах чадвартай бүх автомашины судалгааг гаргаж, шатахууны нөөцийг ханган жолооч нарыг бэлэн байдалд ажиллуулж байна.

Улаанбаатар-Баруун-Урт чиглэлийн төв замыг бүрэн ашиглалтад байлгах нөхцөлийг хангах үүднээс урьдчилсан бэлэн байдлыг хангасан. "Талын зам" компаниас Мөнххаан, Баруун-Уртад хоёр шуурхай ажлын хэсгийг гаргасан. Цахилгаан эрчим хүч тасрах тохиолдол гарахаас сэргийлж Дорнод бүсийн эрчим хүчний төвтэй уялдуулан ажлын хэсгийг ажиллуулж, нөөц эх үүсвэрүүдийг бэлэн болгоод байна. Өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд нийтийг хамарсан арга хэмжээ бүгд зогссон.

Өвөл цасгүй, хавар ойр ойрхон шороон шуургатай байсан учир малчдын хувьд нөхцөл байдал амаргүй байна. Хээлтэгч болон төл мал зутруу байгаа. Тиймээс шаардлагатай сумдад аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг үнэ төлбөргүй хуваарилж, зөөвөрлөх ажлыг эхлүүлсэн. Бусад сум болон ААНБ-уудад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох шийдвэрийг гаргалаа.

Орон нутгийн бүх замын хөдөлгөөнийг бүрэн хаасан. Улаанбаатар хотоос орж, гарах нийтийн тээврийн хөдөлгөөнийг хаасан. Аймгийн хэмжээнд 123 пост гарган ажиллаж байна. Эдгээр постууд замын хөдөлгөөнд хяналт тавих болно.

Иймд иргэд, ААНБ-ууд харилцаа холбооны бэлэн байдлыг сайтар хангаж, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх аюулгүй байдлаа сайтар хангах хэрэгтэй. Малчид малаа хотондоо татах, ойр бэлчээх, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчих шаардлагатайг дахин дахин анхааруулъя гэв. 

Холбоотой мэдээ