Автомашингүй өдрийг сар бүр зохион байгуулахыг иргэд хүсэв

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-05-18 20:28:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Автомашингүй өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээр явж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. 


Энэ үеэр иргэд автомашингүй өдрийн ач холбогдлыг өндрөөр үнэлж, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан сардаа нэг удаа ийм ажил зохион байгуулдаг байх саналаа хотын захирагчид уламжлав.

“Автомашингүй өдрөөр иргэд гэр бүлээрээ, хамт олноороо марафонд гүйж, гудамж талбайгаар чөлөөтэй алхаж, хүүхдүүд эрх дураараа тоглон гүйлдэж байгааг харахад баяртай байна. Улаанбаатарынхан  нэг өдрийг ч гэсэн түгжрэлгүй, бухимдалгүй өнгөрүүлж байна. Цаашид автомашингүй өдрийг зөвхөн жилд нэг удаа биш зуны улиралд сар бүр зохион байгуулдаг болгох асуудлыг судалж үзээд,  шийдвэрлэх болно” гэж хотын захирагч хэллээ.

Нийслэлийн Засаг дарга Сэлбэ голын эрэг дагуу алхаж, тэр хавийн сул шороон хөрстэй газрыг тохижуулах зураг төслийг даруй гаргаж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов. Мөн замын хөдөлгөөн тусгаарлах зориулалтаар автозамын голд байрлуулсан хуванцар хашлагууд хагарч бутран, хотын гудамж талбайг өнгө үзэмжгүй харагдуулах болсон тул бүгдийг нь буулгахыг даалгалаа.

Түүнчлэн Чойжин ламын сүм музейн орчмыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран иж бүрэн тохижуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт хэлсэн юм. Мөн Жамьян гүний гудамжинд “Монгол глобал” компанийн барьж байгаа барилгын хашаа нь явган хүний зам руу түрж орсон тул хашааг хойш нь татаж,  стандартад нийцүүлэх, явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх үүргийг холбогдох албаныханд өглөө.

Холбоотой мэдээ