Какүрюү М.Ананд, Точиношин нар 7 даваатай башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-18 22:27:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд болж буй Японы мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын Нацү башё буюу Рэйва /Японы шинэ он тоолол/ эриний анхны башёгийн 7 дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд Чиёотайрюүг ёрикири мэхээр давснаар нэг ч унаагүй башёг тэргүүлсээр байна.


Мөн Озэки цолоо эргүүлэн авахын төлөө барилдаж байгаа Точиношин, Котошёогикүг хүч түрэн давж 7 даваатай Их аваргын хамт башёг тэргүүлж байна. Тамаваши Б.Мөнх-Оргил энэ өдөр Озэки Гойэдо /4-3/-д унаснаар 3 даваа 4 унаатай боллоо. Озэки Такаясүгийн хувьд Дайейшёог давж 4 даваа, 3 унаатай байна.


Сэкиваке Ичиножёо А.Ичинноров өнөөдөр Хокүтофүжитэй учраа таарч өөр рүүгээ татдаг алдаагаа дахин гаргаж 5 ялагдлаа хүлээв. Маэгаширагийн 16-д эрэмбэтэй Дайшохо Ч.Шижирбаяр өнөөдөр Токүшорюүг давсан бол Чиёошома Г.Мөнхсайхан, Ишиүрад унаснаар 3 даваа, 4 унаатай болов.


Жюүрёо зиндааны бөхчүүдээс Кирибаяма Б.Лхагвасүрэн /5-2/, Араваши Э.Дөлгөөн /2-5/, Кёкүшюүхо Эрдэнэбаатар /5-2/ нар нар даваагаа ахиулсан байна. Харин Миторюү Б.Төрболд /2-5/, Азамарү С.Тодбилэг /3-4/, Сэйро А.Өнөболд /2-5/ нар өрсөлдөгч бөхчүүддээ унасан байна.

Холбоотой мэдээ