Дуурийн театрынхан Дорноговьд үдэлсэн өдрүүд

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-05-19 18:49:05

Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Учиртай гурван толгой” дуурийг Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын тайзнаа тавдугаар сарын 16-17-нд хоёр өдрийн турш эгшиглүүллээ.

Засгийн газар болон салбарын яамны бодлого чиглэлийн дагуу мэргэжлийн урлагийн байгууллагууд сонгодог урлагийг орон нутагт сурталчлах, хөдөөгийн иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор аймгуудад аялан тоглолт хийж байгаа аж.

Анх 1934 онд их зохиолч Д.Нацагдоржийн зохиол, “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийг төрийн шагналт зохиолч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Намдаг олноо “Бөмбөгөр ногоон” гэж алдаршсан улсын Төв театрт найруулан олны сонорт хүргэж байжээ.

Үүний дараа 1942 онд дуурь болгон шинэчилж Юндэнд тухайн үеийн сайхан залуу гэгдсэн МУГЖ А.Цэрэндэндэв, Нансалмаагийн дүрд “Бөмбөгөр ногоон”-ны гоёмсог хүүхнүүдийн нэг гэгддэг байсан МУГЖ Ө.Рэнцэнноров, Хоролмаагийн дүрд МУГЖ В.Сүрэнхорлоо нар тоглож байв.

Сонирхуулахад,  Сүрэнхорлоо гуай “Учиртай гурван толгой” дуурийн Хоролмаа болон бүүвэйчийн дүрд 20 гаруй жил дагнан тоглосон түүхтэй төдийгүй "Цуутай Хоролмаа" дүрээрээ алдаршсан байдаг аж.

Говь нутгийн тайзнаа уянгалсан Монголын дуурийн урлагийн оргил бүтээлийн Юндэнгийн дүрд гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар, Нансалмаагийн дүрд МУГЖ, гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг, МУСТА Ш.Наранчимэг, Балган ноёны дүрд гоцлол дуучин, МУСТА Э.Бумхүү, Хоролмаагийн дүрд МУГЖ, дуучин Ө.Уянга, худалдаачны дүрд гоцлол дуучин Л.Болдцэрэн дуулсан бол ерөнхий удирдаачаар Монгол Улсын Ардын жүжигчин Ж.Бүрэнбэх ажилласан юм.

Гурван зуу гаруй суудалтай танхимын бараг гуравны хоёр нь үзэгчдээр дүүрсэн харагдана лээ. Гурван бүлэг, таван үзэгдэлт дуурь хоёр биедээ сэтгэл зүрхээ өгсөн дурлалт хос Юндэн, Нансалмаа нарын хайр сэтгэлээр эхэлдэг.

Байгалийн үзэсгэлэн бүрдсэн зуны дэлгэр цагийн үдшээр “Ижил хоёр шувуу шиг ижилдэн хоёулаа сууя” гэж дуулах хосууд биедээ хэрхэн хайр сэтгэлээ өгсөнийг илтгэнэ. Юндэнг өөрийн эр нөхрөө болгохоор шийдэж атаат муу үйлдлээ гүйцэлдүүлэхээр зорьсон Хоролмаа өдөржин ан авд мордож ганзага хоосон ууртай яваа сурвалжит ноён Балгантай уулзаж буйгаар тоглолт үргэлжилнэ.

Хоролмаа хэдийгээр хорон муу санаа агуулж дурлалт хосыг салгах арга ухаан сүвэгчлэн явдаг ч өөрийн хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэж буй зоригтой, зорилготой эмэгтэй.

Балган ноён Нансалмааг өөрийн эхнэр болгохоор гэрийн зүг авч одох бөгөөд алсад яваа Юндэнг хорлохоор шадар хүмүүсээ явуулдаг.

Балган ноёны бараа бологчдод цохиулж ухаан алдан унасан Юндэнг Хоролмаа ирж аврах бөгөөд мөн л өөрийн хайр сэтгэлээ илчилнэ. Үүнийг Юндэн зөвшөөрөхгүй төдийгүй сэтгэлт бүсгүй Нансалмаагаа санан дуулна.

Юндэн сэтгэлт бүсгүйгээ дуулан Балганы өргөөнд ирэхэд түүнийг барьж гянданд хорих бөгөөд Юндэнг мөн л Хоролмаа гяндангаас гаргана. Ингэснээр Юндэн Балган ноёны эсрэг тэмцэж эцэст нь хайртай бүсгүйтэйгээ сууж найр наадам үүсгэн аз жаргалтай амьдарч буйгаар дуурь төгсдөг.

“Учиртай гурван толгой” дуурийн тоглолтын дараа уран бүтээлчид гала концертыг үзэгчдэд хүргэсэн юм. Концерт Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, удирдаач Ж.Чулууны “Уран хас” балетын удиртгалаар эхэлж XX зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн аялгуу “Хөхөө намжил” дуурийн “Алтайн цуурай”, Ж.Пуччинийн “Турандот” дуурийн Калафын ариг ДБЭТ-ын гоцлол дуучин, МУСТА М.Даваадорж, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Хабанера ари, Ч.Лхамсүрэн, Г.Дарамзагдын бүтээл “Хайгуулч хархүүгийн дуу”-г УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА, М.Дариймаа найрал дуучдын хамт дуулсан юм.

Харин Ж.Пуччинийн “Чио-Чио-сан” дуурийн “Чио-Чио-сан”-ы ариг Дорноговь аймгийн “Саран  хөхөө” театрын гоцлол дуучин, МУГЖ Л.Нарантуяа, Ч.Чимэд, Н.Норсонжавын бүтээл “Дайчин нөхрийн дуу”-г мөн л Дорноговь аймгийн “Саран  хөхөө” театрын гоцлол дуучин, МУГЖ Ж.Ендонжамц нар эгшиглүүлэв.

Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ариг ДБЭТ-ын гоцлол дуучин Л.Болдцэрэн, А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийн шөнийн хатны ариг УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга, ”Кармен” дуурийн Эскамилиогийн дууг УДБЭТ-ын гоцлол дуучин Л.Бүүвэйбаатар нар найрал дуучдын хамт уянгалуулсан юм. Харин МУГЖ Ө.Уянга үзэгчдийн алга ташилтаар дахин дуулсан.

Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд” хөгжмийн бүтээлийг УДБЭТ-ын гоцлол хөгжимчин, МУГЖ Л.Мөнхцэцэг хийл хөгжмөөр гоцолж Ю.Наваан-Юндэн, Ж.Дорждагвын бүтээл Ц.Буян-Оршихын найруулга “Соёл-Эрдэнэ”, Буриад ардын дуу “Ёохор хатиръя” бүтээлийг найрал дуучид, удирдаач УДБЭТ-ын хормейстер, МУСТА Д.Отгонбаатар хүргэсэн.

Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ?”, Ж.Лхагвын үг, Ч.Чинзоригийн хөгжим “Сэлүүн дэнжийн яргуй” дууг МУСТА Э.Бумхүү, яруу найрагч З.Түмэнжаргалын шүлэг, хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу “Монголын тал нутаг” дууг дуучин, МУСТА Ш.Наранчимэг, М.Дариймаа нар найрал дуучдын хамт дуулсан. Үүнээс гадна уран бүтээлчид Монголын сор болсон хөгжмийн болон дуурийн хэмжээний томоохон дууны бүтээлийг  үзэгчдэд хүргэсэн билээ.   

Дуурийн урлагийг, тэр тусмаа “Учиртай гурван толгой” дуурийг говийн үзэгчдэд хоёр өдрийн турш хүргэсний дараа УДБЭТ-ын ерөнхий удирдаач Ж.Бүрэнбэхтэй уулзаж цөөн асуултад хариулт авав.


Ж.Бүрэнбэх: Мэдлэг боловсролтой залуучууд мэргэжлээрээ амжилттай ажиллаж байна


-Дуурийн театрын уран бүтээлчид хоёр өдрийн турш говь нутагт ажиллаж уран бүтээлээ хүргэлээ. Үзэгчид хэрхэн хүлээн авч байна?

-Төр засгаас мэргэжлийн урлагийн байгууллагын үйл ажиллагааг хөдөөгийн үзэгчдэд хүргэх бодлого зорилтын дагуу бид Дорноговьд хоёр өдөр ажиллалаа. Сэтгэл өндөр байна. Юуны өмнө сонгодог урлагийг хөдөөгийн ард иргэдэд түгээх, сурталчлах бидний ажлыг дэмжиж зар мэдээлэл түгээж, тасалбар борлуулах, үзэгчдийг үзүүлэх ажлыг дэмжиж ажилласан Дорноговь аймгийн ЗДТГ, холбогдох хүмүүс, соёл урлагийн байгууллагуудад талархал илэрхийлье.

Дуурийн театрын уран бүтээлчид саяхан Дорнод аймагт “Сарьсан багваахай” дуурь болон сонгодог урлагийн бүтэн концертыг үзэгчдийн хүртээл болгосон бол Өвөрхангай, Баянхонгор аймагт балетын жүжигчид тоглолтоо хийсэн. Цаашлаад бусад аймгаар аялан тоглох төлөвлөгөөтэй.

-Хүмүүс эл дууриас өөрийн сэтгэлд хоногшсон дуучнаа хайгаад байдаг тал бий. Гэтэл энэ удаагийн дуурийн гол дүрүүдэд залуу жүжигчид дууллаа? 

-Би дуурийн театрт 40 гаруй жил ажиллаж байна. Ц.Пүрэвдорж гуай, Ц.Дагванамдал гуай, Авхийн Хавлааш, Доржийн Банди гээд алдартнуудаас  өнөө цагийг хүртэл дөрвөн үеийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж ирлээ.

Цаг хугацаа гэдэг үе үеэрээ байдаг. Өнөөгийн залуучуудын боловсрол өндөр болж мэргэжлийн чиглэлээр амжилттай ажиллаж байна. Өмнө нь хөгжимчид л гэхэд ардын хөгжмөөс сонгодог хөгжим рүү шилжиж байсан. Гэтэл өнөөдөр найрал хөгжмийн бүрэлдэхүүн гадаад, дотоодын мэргэжлийн урлагийн сургууль төгссөн залуусаас бүрдэж байгааг онцлох хэрэгтэй.

Найрал хөгжим, найрал дуучид, бүжигчид, гоцлол дуучид гээд бүгд залуучууд ажиллаж олж авсан өндөр боловсрол, нарийн мэргэжлээ өөрийн орны хөгжим, өв соёл уламжлал дээр түшиглэж хослуулан амжилттай ажиллаж байгаа юм.

-Дуучид бүтэн хоёр цаг шахуу микрофонгүй дуулаад амралгүй үргэлжлүүлж гала концертод дуулсан. Маш их бэлтгэл сургуулилт хийж байж ийм ачаалал даадаг байх?

Тэгсэн. “Учиртай гурван толгой” дуурь бараг хоёр цаг үргэлжилсэн. Дараа нь залгуулаад концерт эхэлсэн. Өөрөөр хэлбэл дуурийн дуучид хоёр цаг гаруй хугацааны ачааллыг даах бэлтгэл сургуулилт хийж сурсан учраас цуцахгүй байгаа юм. Зохиолын дуучид голдуу л микрофонтой дуулдаг бол дуурийн дуучид тусгай бэлтгэгдсэн байдаг учраас микрофонгүй дуулдаг.

-Хөдөөгийн театрт уран бүтээл тавих нөхцөл ямархуу байна? Тухайлбал техникийн нөхцөл, хөгжмийн дугаралт гээд?

Дажгүй шүү. “Саран хөхөө” театр барилгадаа өргөтгөл хийгээд нөхцөл байдлаа засаж сайжруулжээ. Мэдээж хэрэг зай талбай бага. Бид байгаа боломжоо ашиглаад уран бүтээлээ говь нутгийн иргэдэд хүргэлээ гэв.

Ийн Монголын дуурийн урлагийн хамгийн том байгууллага болох УДБЭТ-ын уран бүтээлчид Сайншандад хоёр хоног өнжиж “Учиртай гурван толгой” дуурь, гала концертыг хязгаар нутгийн иргэдэд хүргэв.

Говь нутгийнхан ч хоёр хоног дуурийн урлагаар амьсгалж оюуны цангаагаа тайлсан. Тэд маргааш нь Хамарын хийд, Энергийн төвд зорчиж уул овоо, газар оронд сүслэн ажил үйлс, амьдрал ахуйгаа даатгаж энерги цуглуулаад Говьсүмбэр аймгийн үзэгчдэд зориулж “Боржигин” чуулгын тайзнаа алдарт бүтээлээ ;дахин амилуулахаар замдаа гарсан билээ. 


Холбоотой мэдээ