ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтын тасалбараа авч ҮШБ-аа дэмжээрэй

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-05-22 12:14:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг “Катар-2022” оны ДАШТ, 2023 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатанд Брунейн шигшээ багтай тоглох оноолт таарсан бөгөөд эхний тоглолт зургадугаар сарын 6-нд Улаанбаатарт болно.


Тус тоглолтын тасалбар худалдаалагдаж эхэлжээ. Урьд өмнөх ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд дээр МХБХ-ны ногоон талбайг зорьж ирсэн хөгжөөн дэмжигчид тасалбар олдохгүй хоосон буцсан тохиолдол байсан. Харин энэ удаа та онлайнаар тасалбараа урьдчилсан худалдан авах боломжтой болсон гэдэг таатай мэдээг МХБХ-ноос сонордуулж байна.


Та www.ticket.mn-ээр нэвтэрч хамгийн түрүүнд хүссэн суудлаа аваарай. Энгийн тасалбарын үнэ 10000 төгрөг бол ВИП тасалбар 30000 төгрөг. Тасалбар борлуулалт ирэх сарын нэг /06.01/ -ний өдрийг хүртэл үргэлжилнэ.



Дөрвөн жилд ганц удаа тохиох түүхэн өдөр хамтдаа байж Үндэсний шигшээ багаа дэмжихийг МХБХ-ноос уриалав.  Мөн энэ өдрүүдэд асуулт, хариултын уралдаан зохион байгуулж байна. Та Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багаа хэр сайн мэддэг болохоо сориод үзэхийг МХБХ-ноос санал болгож байгаа юм. Ялагчид дурсгалын бэлэгтэй юм байна.



Үндэсний шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч та бүхэн өнөөдрийн асуултууддаа хариулж азтан болоход бэлэн үү?  Өчигдөр бас өнөөдөр та азтан болж чадаагүй бол бүү санаа зовоорой. Бид зургадугаар сарын 05-ны өдрийг хүртэл өдөр бүрийн 21 цагаас Монгол - Бруней багуудын тоглолтын тасалбар, гарын бэлэгтэй асуулт хариултын фэйсбүүк уралдааныг явуулах юм байна. 


Дашрамд дуулгахад, Монгол Улсын хөлбөмбөгийн шигшээ баг “Катар-2022” оны ДАШТ-ий урьдчилсан шатны хариу тоглолт зургадугаар сарын 11-нд Брунейн нийслэл Бандар Сери Бегаван хотноо болно.

Холбоотой мэдээ