Хаврын тариалалт 40 хувьтай байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2019-05-22 12:45:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд хаврын тариалалт тавдугаар сарын 8-нд эхлээд байна.

Цаг агаарын төлөв байдалтай уялдан хаврын тариалалт бүс нутгуудад харилцан адилгүй эхэлж байна. Хангайн болон төвийн бүсэд ийнхүү тавдугаар сарын эхээр эхэлсэн бол бусад бүсэд тавдугаар сарын 12-ноос жигдрээд байна. Тавдугаар сарын 21-ний байдлаар улсын хэмжээгээр 156.6 мянган га-д үр тариа, үүнээс 149.4 мянган га-д улаанбуудай, 6.4 мянган га-д төмс, 1.4 мянган га-д хүнсний ногоо, 3.3 мянган га-д тэжээлийн, 15.1 мянган  га-д тосны ургамал, нийтдээ 182.9  мянган га-д тариалалт хийжээ. Үүнээс үр тарианы тариалалт  40.6 хувьтай, төмс 46.5 хувь, хүнсний ногоо 16.0 хувьтай байна. 


ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар, тариалалтын явц өнгөрсөн жилийн мөн үеэс 10 орчим хувиар доогуур байна. Энэ нь тавдугаар сарын дундах 10 хоногт тариалангийн ихэнх бүс нутгаар хүйтэн сэрүүн, салхи ихтэй байсантай холбоотой бөгөөд өнөөдрөөс тариалалт хэвийн эрчимтэй явагдаж байна.

Энэ онд улсын хэмжээнд 387 мянган га-д үр тариа, үүнээс 368 мянган га-д улаанбуудай, 32 мянган га-д малын тэжээл, 29 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478 мянган га-д тариалах юм. Дээрх зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 950 гаруй аж ахуйн нэгж, хоршоо болон 16 мянган өрх тариална.


Холбоотой мэдээ