Ч.Хүрэлбаатар: Эрдэнэт үйлдвэрээс 2.2 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-22 17:30:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2016-2019 оны ажилд хийсэн шалгалтаар, 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн хохиролтой 39 зөрчил илэрчээ. Дээрх зөрчлийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, хуулийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэснийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэв. 


Засгийн газрын өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны ээлжит хуралдаанаар, тус үйлдвэрийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан дээрх шалгалтыг хийх чиглэлийг Сангийн яаманд өгсөн юм. Сангийн яам, Төрийн өмчит бодлого зохицуулалтын газар, Татварын ерөнхий газар, Монголбанк зэрэг байгууллага хамтран ажлын баг гаргаж шалгажээ. 


Шалтгалтаар илэрсэн зөрчлөөс дурдвал, 2016 оны долоодугаар сард тус үйлдвэр Компанийн тухай хуулийг зөрчиж бүтэцэд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, Ерөнхий захирал нь нийгмийн асуудал хариуцах, тэргүүн дэд захирал нь хүний нөөцийн асуудал хариуцах, хууль, эрхзүйн газрын дарга нь үйлдвэрлэлийн бүх ажлыг хариуцдаг байхаар өөрчилсөн байна. Энэ нь тухайн компани хэвийн ажиллахад сөргөөр нөлөөлж байсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 


Тус үйлдвэр нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэртэй гэрээ хийхдээ урьдчилгаандаа хэт их буюу 103.6 тэрбум төгрөг төлсөн байна. Мөн Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн сарын 1-ний байдлаар, дээр дурдагдсан хоёр үйлдвэрээс 16.7 тэрбум төгрөгийн авлагатай гэсэн дүн гарчээ. Тус үйлдвэр 64.9 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгөөр байгуулсан эрүүл мэндийн үзлэг, оношилгооны орчин үеийн иж бүрэн эмнэлгийг “Медифакс” гэх хувийн компанид шилжүүлсэн зэрэг зөрчил илэрсэн байна.


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Үүнээс гадна 2016 оны 11 дүгээр сарын 3-нд 1.2 тонн зэсийн баяжмалыг “Монголын зэс” корпорацаар дамжуулан худалдах гэрээ байгуулсан. Ногдол ашгийг дээрх 49 хувь эзэмшсэн компани руу хоёр удаагийн гүйлгээгээр, 55.8 сая ам.долларын гүйлгээ хийжээ. Үүнийг сайн шалгах хэрэгтэй байна. Мөн шалгалтаар, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дөрвөн зөрчил илэрсэн. Аудитын зөвлөмжийг хэрэгжүүлээгүй зөрчил ч байна. Нийт байгуулсан нөөц 458 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байсан ч зардлаа нэмж татвар бага төлдөг. Үүнийг цаашид анхаарч, санхүүгээ шаардлага хангаж тайлагнаж байхыг одоогийн удирдлагуудад чиглэл болголоо” гэв. 


Түүнчлэн худалдан авалтын 2236 гэрээ байгуулснаас 1432-ыг нь шууд хийсэн, “Стандарт банкинд төлсөн 40 сая ам.долларыг буруутай этгээдээр төлүүлнэ зэргийг сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэлдээ дурдав.  Шалгалтын баг мөн "Монголросцветмет" компанийг шалгаж 68 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгааг тогтоожээ.  

Холбоотой мэдээ