С.Амарсайхан: Туул голын сав дагуу нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж байхгүй

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-05-22 17:51:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хороо, Өргөдлийн байнгын хороотой хамтарсан хуралдаан хийж, Туул голын ойр орчимд олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаарх Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы мэдээллийг сонслоо.


Нийслэлийн нутагт дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын 73, хайгуулын 67 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/609 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын ундны усны хамгаалалтын бүстэй давхацсан, улсын байцаагчийн акт, албан шаардлагыг биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл олгосноос хойш газрын хэвлий ашиглаж эхлээгүй зэрэг гурван үндэслэлээр 95 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.  Үүнээс 71 тусгай зөвшөөрлийг эзэмшигч Нийслэлийн Засаг дарын захирамжийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс болон нэхэмжлэгч нараас удаа дараа эвлэрэх санал тавьсныг харгалзан Нийслэлийн Засаг дарга аж ахуйн нэгж, байгууллагуудтай эвлэрлийн гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.


Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, "2017, 2018 онд “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаа хороо Туул голын сав дагуу 15 га талбайд ногоон зурвас байгуулах ажлыг нийслэлийн төсвөөр гүйцэтгэсэн. Мөн Туул гол болон түүний цутгадаг гол, булаг, шандны уснаас 60 дээж авч шинжилгээ хийж, 2016 оноос  онцгой хамгаалалтын бүсэд худаг гаргах, цооног өрөмдөх 75 хүсэлтийг татгалзаж шийдвэрлэсэн" гэв.


Мэдээллийн дараа УИХ-ын гишүүд асуулт асуулаа. Гишүүд Туул голын сав дагуу эвлэрлийн гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлт хийсэн эсэх, нийслэлд жилд хэдэн тонн элс, хайрга, дайрга зэрэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох шаардлагатай байгаа талаар судалгаа бий эсэхийг тодруулж байлаа.


Туул голын сав дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан компаниудаас нөхөн сэргээлт хийсэн аж ахуйн нэгж байхгүй гэдгийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэллээ. Энэ онд Улаанбаатар хотод 1.2 сая тонн элс, хайрга, дайрга шаардлагатай гэсэн судалгаа гарсан бөгөөд энэ нь 2014 оныхтой харьцуулахад 5 дахин өссөн үзүүлэлт аж. Тиймээс нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгж, түүнд зөвшөөрөл өгсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцдог байх шаардлагатай байгааг мөн дурдсан юм.


Ингээд мэдээлэлтэй холбогдуулж УИХ гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэх үед техникийн саатал гарсан тул  байнгын хорооны хуралдааныг түр хойшлуулав.

Холбоотой мэдээ