БНХАУ-ын ЭСЯ өнөөдрөөс визний мэдүүлгийг шинэ журмаар бүртгэнэ

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-06-11 09:46:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ өнөөдрөөс эхлэн мягмар гараг бүрийн 09.30-12.00 цагт виз мэдүүлэг авах, олгох шинэ журамд шилжиж байна.

Дээрх цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгээ баталгаажуулах, иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулах материалаа мэдүүлэх юм. Иймд иргэд дээрх журмыг баримтлан тус улсын ЭСЯ-нд шууд хандахын зэрэгцээ “Виз яаралтай гаргана, “Виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.

БНХАУ-ын ЭСЯ долоо хоног бүрийн даваа, лхагва, баасан гарагуудын 09:30-12:00 цагт виз мэдүүлгийн материал хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын их, дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсөж, урт дараалал үүсдэг учир шинэ журамд шилжиж байгаа аж. 

Холбоотой мэдээ