Залуу багш нарыг дэмжиж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-14 17:08:51

Завхан /МОНЦАМЭ/. Завханд Сайн багш хөтөлбөрийн хүрээнд хөдөө сумдад ажиллах сонирхолтой залуу багш нарыг дэмжин урамшуулж хамтран ажиллаж байна.

Тодруулбал, Завхан аймагт багшлах боловсон хүчний хувьд хөгжмийн багшаас бусад мэргэжлийн багш нар бүрэн хангагдсан байна. Харин залуу багш нар аль болох аймгийн төвдөө ажиллах сонирхолтой, хөдөө сумдад ажиллах тал дээр нэлээд хойрго хандаж байгаа талаарх мэдээлэл байна.

Тиймээс шинэ залуу багш нарыг урамшуулан тэдний хөдөө сумдад ажиллах нөхцөл бололцоогоор нь хангах тал дээр аймаг анхаарал хандуулан ажиллаж эхэлжээ. Тухайлбал өнгөрч буй хичээлийн жил зургаан залуу багш суманд ажиллах томилолт авчээ. Эдгээр багш нарын амьдрах байр болон зарим гэр бүлийн хүнийг нь ажлын байраар хангах асуудлыг тухайн сум хариуцан ажиллаж байгаа ажээ. Мөн залуу багш нарт ажлын бүтээмжээс нь шалтгаалан урамшуулал олгох ажээ. Цаашид жил бүр залуу багш нарыг дэмжиж хамтарч ажиллах юм байна. Ирээдүйд зөв төлөвшил хүмүүжилтэй, чадварлаг боловсон хүчин бэлтгэхийн тулд багш нарын харилцаа хандлага, ур чадвар сайн байх ёстой.

Тиймээс Завхан аймаг сургууль, цэцэрлэгийн багш нарын ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг дэмжсэн “Сайн багш” хөтөлбөрийг маш амжилттай хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр 2020 он хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх хичээлийн жилд багш нарын дунд томоохон таван ажлыг зохион байгуулах юм байна. Мөн бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтны ажлын хариуцлага, ёс зүйг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулж боловсролын үйлчилгээг эрүүл, аюулгүй орчинд тэгш хүртээмжтэй үзүүлэхээс гадна хамран сургалтыг нэмэгдүүлж, насан туршийн боловсролоор хангах зорилго тавьжээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд бага боловсролын хамран сургалт 100 хувь, суурь боловсролын хамран сургалт 99,3 хувь байгаа нь улсын хэмжээнд нэлээд дээгүүр байрт орж байна.

Холбоотой мэдээ