Завханд хүүхдийн шүдний өвчлөл буурчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-15 19:49:51

Завхан /МОНЦАМЭ/. Завханы төв, Улиастай сумын өрхийн эмнэлгүүд он гарсаар 3400 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ. Улиастайд таван өрхийн эмнэлэг магадлан итгэмжлэлээ авч үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд сэргээн засах үйлчилгээний багцаар хөдөлгөөн засал болон физик эмчилгээ хийж байна.

Мөн гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад удаан хугацаанд хэвтэрт байгаа өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ, гэр бүлийн гишүүдийг өвчтөн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахад сургах зэрэг сувилахуйн тусламж, сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Харин өдрийн эмчилгээний багцаар зүрх, судасны болон  хоол боловсруулах замын эмгэг, мэдрэлийн эмгэг, үе мөчний үрэвсэл, холбох эдийн, амьсгалын замын, чих, хамар, хоолойн, бөөр, шээсний замын эмгэгтэй өвчтөнийг өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээг зарим эмнэлгүүд үзүүлдэг байна. 

“Элэг бүтэн-Завхан” хөтөлбөрийн хүрээнд Улиастай сумын таван өрхийн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авахад зориулж Улиастай сумын ЗДТГ-аас зургаан сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна.

Улиастай сумын хэмжээнд “Элэг бүтэн-Монгол” хөтөлбөрт хамрагдах 15-39 насны 5607 иргэн байдаг. Үүнээс өнгөрсөн жил 3201 иргэн хамрагджээ. Энэхүү илрүүлэг шинжилгээнд хамрагдсан 2319 иргэнээс В вирус 125, С вирус 74 илэрч идэвхжил үзүүлэх шинжилгээнд хамруулан дараагийн шатны эмчилгээнд хамруулаад байна.

Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэг, зарим хувийн эмнэлгүүдтэй хамтран Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн 4100 гаруй хүүхэд, сургуулийн өмнөх боловсролын 1200 гаруй хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулжээ. Энэ үеэр хүүхдүүдийн 65 хувь нь шүдний өвчлөлтэй гарч эрүүлжүүлэх ажлыг улиралд нэг удаа зохион байгуулснаар Улиастай сумын сургуулийн болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн шүдний өвчний эрүүлжилт сайжирчээ. Түүнчлэн нэр бүхий хоёр шүдний эмнэлэг хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй оношилж эмчилж байгаа аж. 

Холбоотой мэдээ