“Орон нутгийн зам –Хөдөлгөөний соёл 2019” Завханд эхэллээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-16 22:35:28

Завхан /МОНЦАМЭ/. “Орон нутгийн зам- Хөдөлгөөний соёл 2019" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ энэ сарын 15-ны өдөр орон даяар нэг цагт зэрэг эхэллээ.
Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагагүйн улмаас зам тээврийн ослын тоо энэ улиралд нэмэгддэг.
 Энэхүү нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх үйл ажиллагааг зохион байгуулж эхлээд гурван жил болж байгаа ажээ.

Энэхүү аян энэ сарын 15-наас ирэх 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл бүтэн гурван сарын хугацаанд үргэлжлэх юм. Аянтай холбогдуулан Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тухайлбал энэ оны эхний таван сарын байдлаар Завхан аймгийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зургаа, зам тээврийн ослын шинжтэй 26, нийт 32 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. 

Үйлдэгдсэн гэмт хэрэг, ослыг урьд оны мөн үетэй харьцуулахад замын хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 6,6 хувиар буурсан бол зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл 13 хувиар, нийт дуудлага мэдээлэл 5,26 хувиар өссөн байна.

Харин гэмт хэргийн улмаас нас барсан хүн 6,5 хувиар, гэмтсэн хүн 43,8 хувиар буурчээ. Зам тээврийн гэмт хэрэг ослын дийлэнх шалтгааныг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгсэл ашигласнаас үүдэн гардаг нь статистик судалгаагаар харагдаж байна. Иймд иргэд, олон нийт, жолооч нар зам тээврийн хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтыг баримталж, бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулахгүй байж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ