Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-06-17 14:31:54

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Мансууруулах бодистой тэмцэх байгууллага 2018 онд хууль бус эргэлтээс 67.9 тонн мансууруулах бодис хураан авчээ. Энэ тухай мансууруулах бодис үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхийг хориглох асуудал хариуцсан Улсын хорооны орлогч дарга Лю Юэзинь мэдэгдсэн байна. 


Түүний мэдээлснээр, 2018 онд БНХАУ-д мансууруулах бодис түгээхтэй холбоотой 109 мянга гаруй гэмт хэргийг мөрдөн шалгаж, мансууруулах бодис хууль бусаар наймаалсан хэргээр 137 400 хүнийг баривчилжээ.


Үүнээс гадна, өнгөрсөн жил тус улсад мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 5.8 хувиар буурч, 2.4 сая болсон байна. Хятадад хэрэглэдэг мансууруулах гол бодис нь метамфетамин аж. “Мансуурагч 2.4 сая хүний 1.35 сая нь чухам метамфетаминийг хэрэглэж байна. Энэ бодис нь героиныг орлох болсон” гэж Лю Юэзинь цохон тэмдэглэжээ.


Түүний хэлснээр, мансууруулах бодисын ихэнх нь “Алтан гурвалжин” гэж нэрлэдэг Тайланд, Мьянмар, Лаосын уулархаг бүс нутгаас Хятадад орж ирдэг байна. Үүнээс гадна, Афганистан, Иран болон Пакистанаас, мөн Өмнөд Америкийн орнуудаас хууль бусаар оруулдаг байна.  


Холбоотой мэдээ