Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад мэргэжлийн багш дутагдалтай байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-17 16:08:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банк “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төсөл хамтран зохион байгуулж буй мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын захирал, бүсийн арга зүйн төвийн менежер удирдах ажилтныг чадавхжуулах сургалт эхэллээ.


“Эрэлтэд нийцсэн мэргэжлийн боловсрол сургалтын менежмент” сэдвийн хүрээнд энэхүү сургалтыг “Манлайлал, байгууллагыг амжилттай удирдах арга зүй”, “Аж үйлдвэрийн салбарын хөгжил чиг хандлага, ажиллах хүчний эрэлт ба ур чадварын хэрэгцээг тодорхойлох, сургалтыг нийцүүлэх”, “Төрийн албаны хуулийн хэрэгжилт” зэрэг агуулгын хүрээнд явуулах юм. 

“Дэйл Карнеги Трэйнинг Монгол” сургалтын төвийн багш А.Даваасүрэн, “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад мэргэжлийн багш нар дутмаг байгаа талаарх асуудлыг удирдлагууд онцолж байна. Тиймээс багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах болон чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд удирдах ажилтан ямар манлайллыг үзүүлж, харилцаа хандлагаа хэрхэн чиглүүлэх талаарх асуудлыг зөвлөн, ярилцаж байна“ гэв.


Монгол Улсын хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд 84 төрийн болон төрийн бус өмчийн МСҮТ, Политехник коллеж сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа бөгөөд эдгээрт нийт 2469 багш ажиллаж байна.


Хүнс, технологийн политехник коллежийн захирал Б.Бат-Эрдэнэ, “Сургуулийн удирдлагууд бид зөв бодлого баримтлан ажиллахын тулд олон талын мэдлэгтэй байх нь чухал. Дэлхий нийтэд явагдаж буй өөрчлөлт шинэчлэлтэд сургуулийн удирдлагууд ямар асуудлыг олж харж, хэрхэн мэргэжилтэн бэлтгэхэд бодлоготой байх хэрэгтэй. Мэргэжил сургалт боловсролын байгууллагад мэргэжлийн багш дутагдалтай байгаа нь тулгамдсан асуудал болж байна. Мөн МСҮТ, Политехник коллежийн нийт төгсөгчдийн 62.3 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа нь давуу талтай байгаа ч  мах сүү, фермерийн анги гэхчлэн хэрэгцээтэй мэргэжлээр хүүхдүүд элсэн суралцахгүй байна. Тиймээс эдгээр асуудалд анхаарлаа хандуулах төрийн бодлого шаардлагатай байна” гэлээ.  


Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад оролцогчдод Ази, номхон далайн бүсийн насан туршийн боловсролын олон улсын холбооны “Хөдөлмөрийн зах зээлийн ур чадварын хэрэгцээг үнэлэх, дүн шинжилгээ хийх гэрчилгээ”-г олгох аж.

Сургалтад хот орон нутгийн 65 удирдах ажилтан хамрагдаж байна.  

М.Батчимэг 

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ