Дархан-Улаанбаатар хоорондын автозамыг шинэчлэх ажлыг өнөөдөр эхлүүллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-06-17 17:11:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон улсын А зэрэглэлийн зам болох Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замыг шинэчлэх ажил өнөөдөр эхэллээ. Урсгал засвар арчлалтыг жилдээ нэг удаа хийдэг байсан тус авто замын эвдрэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж шинэчлэх шаардлага зайлшгүй тулгараад байсныг Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж  санхүүжилтийг шийдвэрлэснээр ийнхүү биелэлээ олж байна.

Автозамын шинэчлэлийн ажлыг дөрвөн хэсэгт эхлүүлж байгаа аж.Тодруулбал, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цайдамын хөндий, Сэлэнгэ аймгийн Баянгол сум, Төв аймгийн Баянчандмань сум, Улаанбаатарархан чиглэлийн авто замын пост гэсэн 4 газарт тууз хайчлан эхлүүлж байгаа аж.

“Улаанбаатар-Дархан” чиглэлийн нийт 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан өнөөдрөөс эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар гүйцэтгүүлэхээр салбар яамнаас шийдвэр гаргасан.

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун турууны орчмын иргэд зорчихдоо 5 шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр барьсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гармын орчим Баруун туруунд хүрэх аж.

Харин орон нутгийн чиглэлд буюу “Дархан-Уул, Сэлэнгэ” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд уг уулзвараас Эмээлтийн замаар Хүй долоон худаг хурдан морины замаар дайран 361-ийн гармаас Дархан-Сэлэнгэ чиглэлийн үндсэн замд орж явна.

Булган, Хөвсгөл, Орхон аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ