Илон Маск твиттер дэх хаягаа устгажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2019-06-17 16:44:42

МОСКВА. /RIA Novosti/. Америкийн “SpaceX” болон цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн тэргүүн Илон Маск твиттер дэх хаягаа устгасан тухайгаа мэдэгджээ.


“Твиттер дэх хаягаа дөнгөж сая устгалаа” гэж Маск твиттертээ бичсэн байна. Хамгийн сүүлийнх нь жиргээний дараа твиттер дэх хаягийнх нь нэр “Daddy DotCom” болж өөрчлөгджээ. Гэхдээ хэрэглэгчид “SpaceX” компанийнх нь хуудсанд хандах боломжтой хэвээр байгаа аж. 


Твиттерт жиргэснийхээ төлөө Маск өмнө нь нэг бус удаа асуудалд орж байсан юм. Урьдчилан зөвшилцөлгүйгээр компанийн чухал мэдээллийг нийтэлж, гэрээний нөхцөл зөрчсөн гэж АНУ-ын Үнэт цаасны хороо Маскийг шүүхэд өгсөн юм.


2018 онд Маск “Tesla”-гийн захирлуудын зөвлөлийн даргын суудлаа алдсан байна. Тэрбээр хувийн хөрөнгө оруулагчид хөрөнгийн бирж дээрээс тус компанийн хувьцааг худалдан авах боломжтой болсон гэж твиттертээ мэдэгдсэний дараа хувьцааны ханш огцом өссөн байна. Дараа нь Маск энэ мэдэгдлээ үгүйсгэсний улмаас хувьцааны ханш унажээ. Үүнтэй холбоотойгоор Маск компанийн хоёр дээд албан тушаалын нэгнээс нь огцорч, олон сая ам.доллароор торгуулан, хувьцааны үнэд нөлөөлж буй бүх жиргээ, мэдэгдлийг Үнэт цаасны хороотой зөвлөлдөж байх үүргийг хүлээсэн байна.


 


Холбоотой мэдээ