Монгол орныг Сингапурт сурталчлав

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2019-06-17 16:42:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапур улсад Монгол орныг сурталчилсан “Discover Mongolia” аялал жуулчлалын танилцуулга боллоо.

Монгол Улсын түүх, соёлын дурсгалт газрууд, аялал жуулчлалын талаар сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулсан үйл ажиллагааны үеэр Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Лхагвадорж Монгол руу хэрхэн аялах, аяллын хувийн бэлтгэлийг хэрхэн хангах, aяллын маршрут зэрэг сонирхолтой сэдвээр илтгэл тавив.

Түүнчлэн Монголын үзэсгэлэнт байгаль, түүхэн газар нутгаар 20 гаруй удаа аялсан Сингапурын иргэн Скотт Тайг зочноор урьж, тэрээр Монголын өнцөг булан бүрээр аялсан сэтгэгдлээс зочид төлөөлөгчидтэй хуваалцав. Тэрээр хэлэхдээ, энэхүү аялал нь соёл иргэншил, хүмүүсийн амьдрал болоод газар нутгийн талаарх жинхэнэ туршлага болон үлдсэн талаар онцолсон юм.




Эх орноо сурталчилсан дээрх үйл ажилагааг Элчин сайд Т.Лхагвадоржийн гэргий М.Золжаргал Сингапур улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний гэр бүлүүдэд зориулан зохион байгуулсан бөгөөд энд ирсэн 30 орчим орны төлөөлөгчид Монгол орны үзэсгэлэнт байгаль, ан амьтад, тал нутаг, түүх соёлтой танилцан Монгол орноор аялах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж байлаа гэж ГХЯ-наас мэдээлэв. Энэ үеэр мөн ЭСЯ-наас Монгол орны аж ахуй, амьдрал, онгон дагшин байгаль, тэдгээрийн хоорондын шүтэлцээ, ёс заншил, бие болон биет бус соёлын өв, угсаатан ястан бүрийн онцлог өнгө төрхийг дэлгэн харуулсан “Бидний цөөхөн монголчууд” гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ.



Холбоотой мэдээ