Соёл урлагийн байгууллагын удирдлагууд удирдахуйн шинэлэг хандлагад суралцаж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-06-17 16:54:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ “Соёл урлагийн байгууллагын тогтвортой хөгжил-удирдахуйн шинэлэг хандлага” 3 дахь удаагийн сургалтыг МУИС-ийн номын санд эхлүүллээ. 


Сургалтыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр нээж хэлэхдээ, “Нийгэмд хүүхэд залуусын эрх зөрчигдөж байгаа, элдэв дарамт хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл өдөр бүр гарч байгаа ч тэднийг соён гэгээрүүлсэн сайн сайхан мэдээлэл дуулдахгүй байна. Тиймээс соёл урлагийн байгууллагын удирдлагууд соён гэгээрүүлэх үүргээ биелүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг онцгойлон үүрэг болгож байна” гээд сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв. 

Тус сургалт тогтвортой хөгжилд соёл, урлагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, салбарын тогтвортой хөгжлийн менежментийн тогтолцоо, байгууллагын урт, дунд хугацааны төлөвлөлтийн зарчим, салбарын хөгжлийн үзэл баримтлал, хүний нөөцийн орчин үеийн хандлага, харилцааны ур чадварын талаар соёл урлагийн удирдах ажилтнуудад удирдахуйн ур чадвар олгоход чиглэх юм. 

Мөн сургалтад оролцогсдод соёл, урлагийн байгууллагад ISO9001-2015 стандартыг нэвтрүүлэх арга зүй, ажлын байрны тодорхойлолт боловсруулах, ажлын байрны дүн шинжилгээ хийх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний талаар Удирдлагын академи, МУИС, СУИС, ШУТИС болон Азийн сангийн сургагч багш нар лекц унших юм.

Сургалтад 21 аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газрын соёлын мэргэжилтэн, аймгийн театр, номын сан, музейн захирал 100 гаруй хүн хамрагдаж байна. 

Холбоотой мэдээ