“Оюутан цэрэг”-үүд ЗХ-ний 256 дугаар ангид албаа хааж эхэллээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-17 23:58:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгаас татагдан ирсэн  “Оюутан цэрэг”-үүд  Цэргийн гавъяаны улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангид албаа хааж эхэллээ.

Тэд энэ сарын 15-ны өдөр хээрийн сургуулийн төвд байрлаж, дүрэмт хувцасныхаа зах, мөрдөсийг оёсноор хоёр сарын хугацаатай цэргийн амьдралаа эхлүүлж байна. Оюутан цэргүүд онолоор болон дадлагаар мэргэжил эзэмшиж, шалгалт өгөн цэргийн тангараг өргөх юм.

“Тус хөтөлбөрт их, дээд сургууль, коллежийн оюутнууд хамрагддаг учраас заасан эрдмийг богино хугацаанд хурдан сурдаг” хэмээн Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн захирагч Б.Галбадрах хэллээ. Аймгийн ЗДТГ-ын дарга ц.Ганболд “Бие бялдар болоод оюун санааны өв тэгш хүмүүжил олж авах зэрэг олон талын ач холбогдолтой учраас “Оюутан цэрэг” хөтөлбөрийг найз нөхдөдөө сурталчилж, илүү олон оюутан хамруулахад идэвх зүтгэл гаргаж ажиллаарай” хэмээн цэргүүдэд хандан уриалав.

“Оюутан цэрэг” хөтөлбөрт Өвөрхангай аймаг дахь Политехникийн коллежоос  эрүүл мэнд, бие бялдар, сурлагын чанараараа тэргүүлсэн 10 сурагч хамрагдаад байна.

 

Холбоотой мэдээ