Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Завханд ажиллав

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-06-17 23:45:37

Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхамаар ахлуулсан ажлын хэсэг Завхан аймагт ажиллалаа. 

Ажлын хэсэг Завхан аймгийн салбар зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийж, үйл ажиллагаатай нь танилцан хяналт шалгалт хийж заавар зөвлөгөөг өгчээ. Мөн үеэр аймгийн төрийн албан хаагчдад зориулсан “Төрийн албаны тухай хууль, эрх зүйн актуудын хэрэглээ” сэдвээр сургалт зохион байгуулжээ. 

Сургалтад аймгийн ЗДТГ-ын болон хэлтэс агентлагийн, төрийн захиргаа, төрийн үйлчилгээний удирдах албан хаагч нийт 89 байгууллагын 380 орчим хүн хамрагджээ. Сургалтыг Төрийн албаны зөвлөлийн референт Б.Бундхорол, Р.Жавзандулам, Б.Гончигсумлаа нар чиглүүлж төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдан гарах дүрэм журмын талаарх танилцуулга мэдээллийг өгчээ.

Энэ үеэр төрийн албан хаагчдаас ирүүлсэн санал, хүсэлт, асуултад багш нар хариулт өгч аймгийн удирдлагууд аймаг, орон нутгаас дэвшүүлсэн бодлого, зорилт, төрийн албан хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаарх мэдээллийг өгч тэдний санал хүсэлтийг нээлттэй сонсжээ. Төрийн албаны зөвлөлийн ажлын хэсэг Эрдэнэхайрхан, Тэлмэн суманд ажиллаж, төрийн албаны тухай хууль болон тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг үзэж, танилцан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Завханы төрийн албан хаагчид 86.4 хувьтай дүгнүүлжээ

Өнгөрсөн жил Завхан аймгийн төрийн албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагчдын шалгалтын дүн, байгууллагын урьдчилсан дүнгээр 86.4 хувийн үзүүлэлттэй дүгнүүлжээ.

Энэ үеэр төрийн албан хаагчдын хууль эрх зүйн болон мэдээллийн технологийн суурь мэдлэгийн түвшнийг тодорхойлох шалгалтыг цахимаар авч тухайн албан хаагчийн ажил хэргийн чадвар, ажлын гүйцэтгэл, ёс зүйн байдлыг хүн нэг бүрээр үнэлж дүгнэжээ. 

Төрийн албан хаагчдын мэргэшлийн түвшнийг үнэлэх шалгалтад Завхан аймгийн 24 сум, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 18 ажлын алба, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 13 агентлагийн 1000 гаруй төрийн албан хаагч хамрагджээ. Төрийн жинхэнэ албан хаагчдын шалгалтын дүн, байгууллагын урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал 85.1 хувь, агентлаг 87 хувь, сумууд  87.2 хувь, аймгийн Засаг даргын Тамгын газар 93.4 хувь, дунджаар 86.4 хувийн үзүүлэлттэй дүгнэгдсэн нь манай аймгийн төрийн албанд зүтгэж буй иргэд хэр зэрэг чадвартай боловсон хүчин бэ гэдэг нь харагдаж байна.


Төрийн албан хаагч бүр ард иргэдээ сонсдог

Завхан аймаг  2018 оныг “Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх жил” болгон зарлаж тодорхой ажлуудыг зохион байгуулсан нь үр дүнтэй болсон төдийгүй аймгийн төрийн албан хаагчийн баримтлах 9 зарчмаа мөрдөж ажиллаж байгаа ажээ.

Тухайлбал Завханы төрийн албан хаагчдын баримтлах есөн зарчмыг боловсруулан мөрдөж, энгэрийн тэмдэг зүүж хэвшсэн. Жилд хоёроос доошгүй удаа “Ард иргэдээ сонсох аян”-ыг зохион байгуулж тэдний санал бодлыг бодлого шийдвэртээ тусгадаг, төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг тогтмол хийдэг зэрэг олон үр дүнтэй ажил санаачлан хийж буй юм. Энэ удаад ч гэсэн аймгийн хэмжээнд төрийн албан хаагчдаа чадавхжуулах тал дээр үр дүнтэй сургалтыг амжилттай зохион байгууллаа. Цаашид жил бүр төрийн албан хаагчдыг шат дараатай сургах, чадавхжуулах, тэдэнд хөгжих боломжийг олгож ажиллана хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ