Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийн сургамж, гарц

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-06-21 12:37:15

Монголчууд 20 дугаар зуунд дөрвөн Үндсэн хууль баталжээ. Түүний нэг (1992 онд баталсан)-ийг ардчилсан шинэ Үндсэн хууль гэж нэрлээд 27 жил болжээ. Энэ хуулийг эдийн засгийн хувьд төвлөрсөн төлөвлөгөөнөөс, зах зээлд, улс төрийн хувьд нэг намын дарангуйллаас олон намын тогтолцоонд шилжиж эхлэх үед баталсан байна. Харин өнгөрсөн хугацаанд Үндсэн хууль (2000)-д нэмэлт оруулсан юм. Эдүгээ түүнийг дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлээд сурчихжээ. Энэ нэмэлтэд нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй олон зүйл, заалт багтсан тул ингэж нэрлэсэн бололтой.


Дордуулсан долоон өөрчлөлт гэж толгой холбон хэлээд байгаа болохоос биш, Үндсэн хуулийн анхны нэмэлтээр найруулга, утга санаа, агуулгын их бага 50 гаруй засвар орсон гэж доктор Д.Пүрэвдагва (Ардын их хурал (АИХ)-ын депутат асан) хэлсэн юм. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталсан АИХ-ын депутатууд ”Үндсэн хуульд орхигдсон, засах, залруулах, тодруулах зүйл бий” гэж ярьдаг. Гэхдээ ямар нэмэлт оруулах вэ гэдэг дээр бүгд  санал нэгдэхгүй байх нь ажиглагддаг.  Ийм зүйл 2000 оны нэмэлтийг дордуулсан долоон өөрчлөлт гэж нэрлэснээс харж болно.

Үндсэн хуулийн дээрх нэмэлтийг уг нь 1999 оны 12 дугаар сард оруулсан юм. Харин хууль баталсны дараа Үндсэн хуулийн Цэцийн саналыг аваагүй гэдэг шалтгаанаар  Цэц Үндсэн хуулийн нэмэлтийг хүчингүй болгосон юм. Гэвч УИХ-ын ээлжит 2000 оны сонгуулийн дүнгээр байгуулсан парламент, Үндсэн хуулийн нэмэлт (1999 он)-ийг процедурын алдааг нь  засаж яг тэр хэлбэрээр үг, үсэг, цэг, таслалын засваргүйгээр  дахин УИХ-д өргөн барьж баталсан юм. Түүнээс хойш 19 жил өнгөрчээ.

Үндсэн хуульд анхны нэмэлтийг оруулах үйл явдлыг эргэн сануулахад процедурын алдаа гаргасан байна. Энэхүү нэмэлтийг нийгмийн тодорхой хэсэг нь өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байх жишээтэй. Эдгээр гаргасан алдаанаасаа хожуу (10 жилийн дараа) ч гэсэн сургамж авч 2010 онд Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай хууль баталсан байх юм. Журмын тухай хууль нь ганцхан (Цэц) манаачтай байсан, Үндсэн хуулийг хуулийн хамгаалалтад оруулжээ. Энэ бол бидний алдаанаасаа сургамж авсан нэг ололт. 


Хуулийн хамгаалалтад орсон Үндсэн хуульд дараагийн хоёр дахь нэмэлт оруулах төслийн анхны хэлэлцүүлгийг парламент энэ долоо хоногт (мягмар гаригт) хийлээ. Одоо хоёр, гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Түүнд бэлтгэх ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны өргөн мэдүүлснээр  УИХ хэлэлцэн тогтоол гаргалаа. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин тохоон томилогджээ. Энэ тогтоолын хавсралтаар ажлын дэд хэсгүүдийг байгуулжээ.  Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг Үндсэн хуулийн нэмэлтийн эх баригчаар томилсон байна. Эх баригч томилсон байдлаас харвал Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг анхны нэмэлтээс  арай өөр түвшин (Үндсэн хуулийн)-д авч үзэж байгаа бололтой. Энэ нь  урьд (2000 онд) гаргасан алдаагаа давтахгүйг хичээж, түүнээс авсан сургамж гэж ойлгож болно.


Харин одоо эцэг хуулийн хоёр дахь нэмэлтийг Цэцийн хамгаалалтаас гадна Үндсэн хуулийн нэгэн адил хуулийн хамгаалалтад оруулах хэрэгтэй болжээ. Хэрэв ийм хамгаалалтад оруулахгүй бол дордуулсан долоон өөрчлөлт (2000)-ийн хувь тавиланг давтах магадлалтай. Үндсэн хуульд хоёр дахь нэмэлт орсны дараа эсэргүүцэгчид гарч таарна. Тэдний нэг нь дордуулсан долоон өөрчлөлт гэдэг шиг толгой холбосон өөдгүй нэршил гаргаж ирвэл  хуурай өвсний түймэр  шиг дүрэлзэн  газар авна. Ийм байдал нийгмийг тогтворгүй байдал руу чирдэг аюултай. Энэ нь Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтэд сайн нэр авчрахгүй нь ойлгомжтой. Ийм учираас Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтийг хуулийн хамгаалалтад оруулах хэрэгтэй гэдэг санааг хөндөхөд хүрлээ. Гэхдээ энэ бол “Үндсэн хуульд нэмэлт оруулах журмын тухай” хууль шиг бие даасан хууль байхгүй. Тухайн  нэмэлтэд өөрт нь шингээж өгөх боломж  байдаг юм байна. АНУ Үндсэн хуулийнхаа нэмэлтийн ихэнхэд нь мөрдөгдөх туршилтын хугацаа (7 жил) өгдөг гэнэ. Энэ хугацаанд олон нийтийн итгэлийг хүлээсэн, Үндсэн хуулийн нэмэлт нь иргэдийн амьдралын  салшгүй нэг хэсэг хэвшил болдог бололтой. Хэрэв тухайн Үндсэн хуулийн нэмэлтийг нийгэм хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд  туршилтын хугацаа дуусмагц тэр нэмэлт хүчингүй болдог гэнэ.  Үндсэн хуулийн тухайн нэмэлт нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөгүй шалтгаанаар хүчингүй болсон нөхцөлд дараагийн нэмэлт сөхөгдөж гарч ирэх нь ойлгомжтой.


Хэрэв Үндсэн хуулийн анхны нэмэлтэд ийм туршилтын хугацаа (7 жил) зааж өгсөн бол дордуулсан долоон өөрчлөлттэй 19 жил зууралдахгүй байх боломжтой байжээ. Энэ бол бидэнд өгсөн маш том сургамж. Эндээс л дараагийнхаа гарцыг бид хайхад илүүдэхгүй болов уу. Аливаа зүйлийн хамгийн том шалгуур нь цаг хугацаа байдаг гэж үздэг. Гэхдээ тодорхой хязгаар тавьж өгөхгүй ирээдүйд даатган орхих нь зөв, оновчтой шийдэл биш. Эдүгээ Үндсэн хуулийн нэмэлтээр нийгэм тодорхой зөвшилцөлд одоохондоо хүрээгүй байна. Ийм учираас энэ бартаа саадыг даван гарах арга зам нь Үндсэн хуулийн нэмэлтэд туршилтын хугацаа (7 жил) зааж өгөх нь хамгийн зөв гарц биш юм гэхэд, парламентад гаднаас үзүүлэх улс төрийн дарамт, шахалтын тодорхой хэсгийг хөнгөвчлөх магадлалыг өндөрсгөнө гэж зарим хуульчид хэлж байна. Иргэд, судлаачид, хуульчид олон янзын санаа хөндөх нь ойлгомжтой. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана.

 

Холбоотой мэдээ