Ангараг дээр амьдрал байж магадгүй шинж тэмдгийг илрүүлжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2019-06-24 11:29:22

НЬЮ-ЙОРК. /RIA Novosti/. Ангараг гарагийн агаар мандлаас их хэмжээний метаны хий илрүүлсэн гэдгийг АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв /NASA/ цахим хуудсандаа мэдээлжээ.


NASA-гийн өөрөө явагч “Curiosity” аппарат Улаан нүдэн гарагийн агаар мандлын хүрээг хэмжих явцдаа метаны хий их хэмжээгээр агуулагдаж байгааг илрүүлсэн тухай “New York Times” сонин урьд нь мэдээлсэн байна. Энэ нь Ангараг дээр бичил биетүүд байж болох ул мөр гэнэ. Тус сонинд мэдээлснээр, аппаратад хэмжилтээ үргэлжлүүлэх зааварчилгааг төвөөс өгсөн бөгөөд үр дүнг нь “Curiosity” даваа гарагт илгээх төлөвтэй байгаа аж.


“Энэ долоо хоногт “Curiosity” аппарат гайхалтай нээлт хийж, Ангарагийн агаар мандалд их хэмжээний буюу 21 орчим тэрбум хэсэг метаны хий агуулагдаж байгааг илрүүллээ. Нэг тэрбум хэсэг гэдэг нь хэрэв Ангарагийн агаар мандлын эзлэхүүн дээр тайлбарлавал, уг гарагийн агаар мандлын нэг тэрбум хэсэг нь метаны хийгээс бүрддэг гэсэн үг юм” гэж NASA-гийн цахим хуудсанд мэдээлсэн байна. Манай гарагийн метаны хийн 95 хувь нь бичил биетүүдээс ялгардаг боловч чулуу болон усны хоорондох харилцан үйлчлэлээр метаны хий үүсэх боломжтой гэдгийг NASA-гийн мэргэжилтнүүд онцолжээ.


Ангарагнаа явагч аппаратад метаны хийн эх үүсвэрийг тодорхойлох тоног төхөөрөмж байхгүй учир биологийн эсвэл геологийн гарал үүсэлтэй, "эрт үед" эсвэл "орчин үед" үүссэн эсэхийг нь одоогоор тогтоох боломжгүй гэж NASA-гийн мэргэжилтнүүд мэдээлжээ. “Curiosity”-гийн багийнхан судалгааныхаа явцад метаны хийг олон удаа илрүүлж байжээ. Өмнөх мэдээллүүдээс харахад, хийн түвшин улирлын шинж чанартай өсөж, буурч байсан байна.


“Curiosity” аппарат Улаан нүдэн гарагийн гадаргуугаас органик нэгдэл болон метан илрүүлсэн тухай NASA анх 2014 онд мэдээлж байв. Тус агентлагийн мэргэжилтнүүд удаан үргэлжилсэн судалгааныхаа явцад Ангарагийн агаар мандал дахь метаны агууламж зуны дулаан үед нэмэгдэж, өвлийн хүйтэнд эрс багасдаг гэдэг дүгнэлтэд хүрчээ.


“Curiosity” 2012 оны наймдугаар сард Ангараг гарагийн Гейла тогооны бүсэд буужээ. Уг аппаратын гол даалгавар нь Улаан нүдэн гараг дээр геологи болон геохимийн судалгааг нарийвчлан хийх, агаар мандал, уур амьсгалыг нь судлах, ус эсвэл усны ул мөр, органик бодисуудыг хайх юм. Энэ бүх мэдээлэл нь Ангараг гараг дээр урд өмнө амьдрал байх боломжтой нөхцөл байсан эсэхийг, одоо амьдрал байхад тохиромжтой газар байгаа эсэхийг тодорхойлоход тус дөхөм болох ажээ.

Холбоотой мэдээ