Хөдөлгөөнт эргүүл 24 цагаар хяналт хийж байна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-06-24 14:03:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Орон нутгийн зам хөдөлгөөний соёл" урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Мөрөн-Булган чиглэлийн А0902, Хатгал-Мөрөн чиглэлийн А1101 дугаартай авто замуудад 24 цагаар хөдөлгөөнт эргүүл болон явуулын байнгын постуудыг ажиллуулан, сумдын хэсгийн төлөөлөгч цагдаа нар хяналт шалгалт хийж жолооч, зорчигч нарт анхааруулга санамж өгч ажиллаж байна. 

Хөвсгөл нуурыг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа учраас иргэдийг хурдаа тохируулан зам тээврийн хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа. Өнгөрсөн онд тус аймгийн хэмжээнд зам тээврийн осолд 40 хүн өртөн, 31 хүн гэмтэж 9 хүн амь насаа алдсаны 6 нь орон нутгийн замд осолджээ. Иймээс иргэдийг хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй, шөнийн цагт гэрлээ шилжүүлж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-ийн дарга, хошууч А.Эрдэнэзул анхааруулан сэрэмжлүүлэв.

Холбоотой мэдээ