С.Жавзандулам: Асаргаа шаардлагатай иргэдэд үйлчлэх мэргэжлийн асрагч хэрэгтэй

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-06-24 14:16:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар хотын зорилтот бүлэгт чиглэсэн асаргааны үйлчилгээг хөгжүүлэх” төсөл хэрэгжүүлэхээр “АДРА Монгол” олон улсын байгууллагаас нийслэлийн гурван дүүргийн 60 өрхөд энэ онд  судалгаа хийжээ.


Тус төсөл ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай хүмүүст энгийн болон тусгай хэрэгцээт асаргааны мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, асрагчдад асаргааны талаар онол, практик хосолсон мэдлэг олгох сургалтын хөтөлбөр боловсруулах зорилготой юм.


Энэ талаар “АДРА Монгол” олон улсын байгууллагын судалгааны багийн ахлах С.Жавзандулам, “Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудад үзүүлэх асрамжийн талаар шинжлэх ухааны үндэстэй судалгаа хийх хэрэгтэй байна. Мөн асаргааг мэргэжлийн түвшинд хийдэг байгууллагууд, асрагчид байх шаардлагатай. Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 60 өрхийг хамруулсан манай судалгаанд ихэвчлэн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айлууд орсон. Асруулж буй хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдийн 82 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол асрагчдын 70 гаруй хувь нь эмэгтэй байна. Түүнчлэн асрагч нарын дийлэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байгаа юм. 1996 онд цус харвалтын улмаас хэвтэрт орсон нөхрөө асарч байсан эмэгтэй өөрөө 2004 онд мөн цус харвасан тохиолдол буй. Иймээс мэргэжлийн асрагч хэрэгтэй байгаа нь харагдаж байна” гэлээ.


Batbayar Nadmid-н зураг.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад хүргэж буй нийгмийн халамжийн үйлчилгээ маш хангалтгүй байна. Тодруулбал, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгөн тусламж нь асруулагч, асрагчийн хэрэгцээг хангаж хүрдэггүй аж. Мөн тулгамдсан асуудлаараа хандах байгууллага байхгүй. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдийг бүрэн эмчлэх эмнэлэг ч байдаггүй хэмээн С.Жавзандулам онцолсон юм.


Өнөөдөр болж буй төслийн хэлэлцүүлэгт ХНХЯ, ЭМЯ, НДЗТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, “АДРА Солонгос” зэрэг байгууллага болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдгээрийн асрагч нар оролцлоо.   

Холбоотой мэдээ