Сайншанд сумын хоёрдугаар баг шилдгээр шалгарав

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-24 15:13:25

Дорноговь/МОНЦАМЭ/. Сайншанд сумын Захирагчийн ажлын алба, сумын Засаг даргын Тамгын газраас “Иргэдэд ойр төрийн үйлчилгээ”, “Манай орц”, “Тэгш гудамж”, "Жорлонгоо өөрчилье" аяныг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 20-ныг хүртэл 2 сарын хугацаатай  тус тус зарласан.

Сумын гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн оролцоонд тулгуурласан бүтээлч ажлыг дэмжих зорилгоор зарласан “Тэгш гудамж” аяны шилдгүүд шалгарлаа.

Сайншанд сумын таван багийн ажлын алба болон гэр хорооллын 60 айл өрх, иргэдийн гурван бүлэг оролцож, 506 метр хашааг шинээр барьж, нэг эгнээнд оруулж, өнгө үзэмжийг сайжруулж аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн дэмжлэг болон өөрсдийн санхүүжилтээр нийт 31.3 сая төгрөгийн төсөвт өртгөөр айл, өрхүүд хашаагаа нэгэн жигд тэгшилж,тохижилтын ажлыг хийжээ.

Тэргүүн байрт Л.Мөнх-Эрдэнэ ахлагчтай “Дэнж-1” иргэдийн бүлэг  шалгарсан бөгөөд 7,9 сая төгрөгийн төсөвт өртгөөр хоёрдугаар багийн 11 дүгээр хэсгийн Дэнжийн 4,5 дугаар гудамжны “Дэнж-1 иргэдийн бүлгийн 13 өрх 295 метр тэгш хашааг шинээр хийж, тэгшилж, нэг эгнээнд оруулж, өнгө үзэмжийг сайжруулан  иргэдийн оролцоог ханган ажиллажээ. Дэд байрт Ж.Нямцэрэн ахлагчтай “Дэнж-3” иргэдийн бүлэг  шалгарав. Иргэдийн бүлэг хоёрдугаар багийн 13 дугаар хэсгийн Дэнжийн 10 дугаар гудамжны найман өрхийн 136 метр тэгш хашааг 4,5 сая төгрөгийн санхүүжилтээр АИТХ-ын төлөөлөгчдын дэмжлэг, иргэдийн оролцоотойгоор зохион байгуулсан.

Гутгаар байрт Д.Дэлгэрсуурь ахлагчтай “Дэнж-2” иргэдийн бүлэг  шалгарсан бөгөөд хоёрдугаар багийн 13 дугаар хэсгийн Дэнжийн 7-р гудамжны 5 өрхийн 100 метр хашааг тэгшлэн АИТХ-ын төлөөлөгчдын дэмжлэг, иргэдийн оролцоотойгоор нийт 348,0 мянган төгрөгийн санхүүжилтээр зохион байгуулжээ
Харин Сайншанд сумын хоёрдугаар багийн Засаг даргын ажлын албаны хамт олон дээрх аяны  нийлбэр дүнгээр шилдгээр шалгарав.

Дашрамд дурдахад  өнгөрсөн хугацаанд хотын соёлыг дэлгэрүүлэх жилийн ажлын хүрээнд гэр хорооллын гудамж, эгнээг цэгцлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжих, хотын өнгө үзэмжийг сайжруулах, хүүхэд залуучуудын санал санаачилга, бүтээлч оролцоог дэмжих, хашаа хороогоо тохижуулах зорилгоор "Хотын гудамж", "Тэгш гудамж", "Хамтдаа тохижуулъя" аяныг тус тус зарлаж шилдгүүдийг шалгаруулж байсан.


Холбоотой мэдээ