Жан-Паскаль Н.Нгану: Төсвөө тэлэхгүйгээр, орлогоо нэмэдүүлэх боломж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2019-06-24 14:56:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын эдийн засаг, төсвийн байдал олон улс дахь түүхий эдийн үнэ, уул уурхайгаас хамааралтай, эрсдэл өндөр хэвээр байна. Гэхдээ үүний хажуугаар монголчуудад орлогоо нэмэгдүүлэх боломжууд бас байна” гэдгийг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жан-Паскаль Н.Нгану онцолж байна.

Тэрбээр, өнөөдөр Дэлхийн банкнаас Монгол Улсын төсвийн орлого, зардлын тойм, тайлан судалгааг танилцуулах үеэр ийнхүү мэдэгдсэн юм. “Өрийн дарамтгүй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох нь” нэртэй гарч байгаа энэ удаагийн тайлан нь төсвийн орлого, зарлагын сүүлийн үеийн байдал, хандлагыг шинжилсэн байв. Мөн улс орны урт хугацааны хөгжил, нийгмийн амин чухал салаа мөчир болох боловсрол, эрүүл мэнд зэрэг гол салбаруудын зарлагын шаардлага, хэрэгцээг судалсан байна.


Дэлхийн банкнаас гаргасан тайланд манай улс 2011-2016 онуудад төсвийн хэт тэлсэн бодлого барьж, төсвийн сахилга батыг алдагдуулж ирсэн гэж үзжээ. Монгол Улсын өр өндөр түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засаг нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэрэгт эмзэг хэвээр байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжоо хангалттай бий болгох шаардлагатайг тайланд дурдсан байна. Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев хэлэхдээ “Улсын хөрөнгө оруулалтуудын үр ашгийг сайжруулах, үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх нь нэн чухал байна. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын төслүүдийн сонголт хангалтгүй, хэрэгжилт удааширдаг, зардал төлөвлөснөөс өндөр хувиар хэтэрдэг, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй байсан зэргээс хөрөнгө оруулалтын үр ашиг хангалтгүй байж иржээ” гэсэн юм.




Ахлах эдийн засагч Жан-Паскаль Н.Нгану, "Уул уурхайн салбар 2018 онд төсвийн бодлогын 28 хувийг бүрдүүлсэн. Төсвийн орлогын уул, уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах, орлогын шаталсан системийг аажмаар нэвтрүүлэх шаардлагатай байна” гээд “Монгол Улсын татварын хувь хэмжээ бусад орнуудынхтай харьцуулахад доогуур байгааг эргэн харах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөх нь чухал” байгааг зөвлөсөн юм.




Монголын Засгийн газрын өр 2010-2016 онуудад огцом нэмэгдсэнийг тайланд дурдсанаас гадна, цалингийн зардлын төсөвт үзүүлэх дарамт нэмэгдэж, төсвийн урсгал зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь болж байгааг онцолжээ. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалингийн сангийн өсөлтийг яамдын бүтэц ойр ойрхон өөрчлөгдсөнийг төрийн албан хаагчдын шилжилт, хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна. Иймд мэргэжлийн, улс төрийн нөлөөгүй төрийн албыг тогтвортой болгоход дорвитой шинэчлэлийг хийх шаардлагатай байгааг Дэлхийн банкнаас санууллаа.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ