Швейцарын Ерөнхийлөгч Уэли Маурерыг Монгол Улсад айлчлахыг урив

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.mn
2019-06-24 15:49:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар манай улсад айлчилж буй Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав. 


Уулзалтын эхэнд, хатагтай Гүшэтти, хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал, мэргэжлийн боловсрол, засаглалын чиглэлээр хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа өргөжиж байгааг дурдаад, айлчлалын хүрээнд энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрийг өргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийллээ. 



Мөн үеэр, Монгол-Швейцарын худалдааны эргэлт 16 сая ам.доллар байгаа нь чамлалттай хэмээн талууд дүгнэж, эдийн засгийн харилцааг өргөжүүлэхэд улс төр болон хууль эрхзүйн тогтвортой орчин чухал гэдгийг онцлон тэмдэглэв.


Эдийг засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой олон салбар байгаагийн дотор Монголын аялал жуулчлалын салбарын нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, үүнд Швейцараас менежмэнтийн шинэ арга барил нутагшуулах боломжтойг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илэрхийлсэн юм. Мөн хатагтай Гүшэтти, Швейцарын аялал жуулчлалын агентлаг энэ салбарт Монгол Улстай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн бөгөөд хоёр улсын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өөдрөгөөр төсөөлж байгаа хэмээв.


Түүнчлэн уулзалтаар талууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй төсөл, санаачилгын хүрээнд санал солилцож, энэ чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах боломжтой гэдэгт санал нэгдэв.


Уулзалтын төгсгөлд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг Улаанбаатар хотод нээх асуудлыг хөндөж, тус улсын Ерөнхийлөгч Уэли Маурерыг боломжтой үедээ Монгол Улсад айлчлахыг урилаа.


Швейцарын Холбооны улсын Үндэсний зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн албан ёсны айлчлал энэ сарын 26-ныг хүртэл үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ