Орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-07-02 15:46:50

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим /ХАҮТ/-ын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Өдөрлөгт МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч О.Амартүвшин болон аймгийн удирдлагууд, ХАҮТ-ын гишүүн байгууллагууд оролцсон юм. Аймгийн ХАҮТ-аас орон нутагт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нийлүүлэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Орон нутгийнхаа худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулахаас гадна тус бүтээгдэхүүнүүдийг зөвхөн орон нутагтаа бус хөрш зэргэлдээх аймгуудад, цаашлаад гадаадын улс орнуудад экспортод гаргах нөхцөлийг эрэлхийлэх нь тус өдөрлөгийг гол зорилго. Тийм ч учраас өдөрлөгт МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийг урьж оролцуулж, аймгийн Засаг даргатай биечлэн уулзаж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Улс эх орны төсвийг бүрдүүлэгчид нь хувийн хэвшлийнхэн. Тиймээс бид төртэйгөө ойлголцон урьд урьдаас илүү өөр түвшинд хамтран ажиллах хэрэгтэй. Нөгөө талаар худалдаа үйлчилгээ, бизнес эрхлэгчдийн хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагаа хамгийн чухал. Ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд нэгдэж, хамтарч байж шилдэг бүтээгдэхүүн үйлдэрлэж, амжилтад хүрч чадна. Хувь хувийнхаа ашиг сонирхлыг бодоод хэдэн тийшээ хараад явах юм бол энэ бизнес амжилтад хүрэхгүй. Тиймээс бизнес эрхлэгчдээ нэгтгэх, тэднийг татах ажлыг танхим хийх ёстой гэдгийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ онцлов.

Харин Сүхбаатар аймгийн ХАҮТ-ын дарга Б.Мөнхбат хэлэхдээ, Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд өрхийн үйлдвэрлэл, ЖДҮ хөгжиж бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэлсэн. Шинэ, шинэлэг үйлвэрлэлүүд эхнээсээ нээгдэж байна. Үүнийг гадаадын зах зээлд гаргаж Сүхбаатар аймгийнх гэх брэндийг бий болгох ажлыг бид эхлүүлэх ёстой. Ийм боломж ч манайд бий. Энэ ажлыг бид төрийн дэмжлэг, хамтын ажиллагааны хүчээр эхлүүлнэ гэлээ.  

Сүхбаатар аймгийн ХАҮТ нь ирэх онд 10 жилийн ойтойгоо золгоно, өнгөрсөн 10 жилийн хугацаанд 80 гаруй худалдаа үйлдвэрлэлийн байгууллагыг эгнээндээ нэгтгэжээ. Цаашид гишүүнчлэлийн эгнээгээ илүү өргөжүүлж, тэдний ашиг сонирхлыг нэмэгдүүлэхийн тулд төр засгийнхаа бодлого, үйл ажиллагаатай нийцсэн олон ажил хийхээр төлөвлөж байгаа аж.

Нээлттэй хаалганы өдөрлөгт 50 орчим худалдаа үйлдвэрлэл эрхлэгч оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулж, худалдан борлуулж байна. Уг үзэсгэлэн худалдаа нь 02-ны өдрийг дуустал үргэлжилнэ. 

Холбоотой мэдээ