Шилийн гол аймгийн олон улсын монгол эмнэлгийн хороотой хамтран ажиллана

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-07-02 12:47:21

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы Зүүн үзэмчин хошууны монгол эмнэлэгтэй олон жилийн хамтын ажиллагаатай. Тэгвэл энэхүү хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлж, Шилийн гол аймгийн олон улсын монгол эмнэлгийн хороотой хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Ингэснээр удахгүй ашиглалтад орох Сүхбаатар аймгийн уламжлалтын эмнэлгийн чанар, үйлчилгээ илүү сайжирна гэж үзэж байна.  

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн уламжлалт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Анхбаяр,

Шилийн гол аймгийн монгол эмнэлгийн хороотой хамтарч ажиллах маш их нөөц бололцоо бий. Яагаад гэвэл манай уламжлалтын анагаах ухааны бүх зүйл эднийхтэй ижил байдаг. Засал оношилгоо, зүү төөнүүрийн эмчилгээгээ улам сайжруулж хамтран ажиллах, харилцан суралцах боломж байна. Нэн түрүүнд эмч нараа солилцон сургах хамгийн чухал гэж үзэж байна. Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад явж байхад яг орон нутагтаа очоод шууд нэвтрүүлэх боломжтой зүйл хэд хэд байна. Жишээлбэл, үхрийн эврэн бумбаны эмчилгээ, дасгал хөдөлгөөн, заслуудын төрлүүдээс бид хэрэгжүүлж болохоор санагдлаа.

Монгол эмнэлгийн албан гэрийн эрхлэгч Ч.Дэгжин,

Монгол эмнэлгийн хороо бол Монгол Улсын Сүхбаатар аймгийн эмнэлэгтэй эелдэг сайхан харилцаатай. Хагас жилийн хугацаанд манай эмнэлэгт Монгол Улсаас 38 хүн ирж эмчлүүлсэн. Бидний зүгээс монгол иргэдэд тусгай үйлчилгээг үзүүлдэг. Сүхбаатар аймагт шинэ уламжлалтын эмнэлэг ашиглалтад орох гэж байгаатай холбоотойгоор бид алсын зайн оношилгоог нэвтрүүлэх боломжийн талаар Сүхбаатар аймгийн удирдлагуудтай ярилцлаа. Үүнийг нэвтрүүлбэл өвчтөнийг богино хугацаанд оношлоод шаардлагатай тохиолдолд монгол эмнэлгийн хороо руу ирүүлж эмчилнэ. Үүнээс гадна эмч нартайгаа зөвлөлдөн хуралдах бүрэн боломжтой гэв.


Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатараар ахлуулсан ажлын хэсгийн төлөөлөгчид Шилийн гол аймгийн олон улсын монгол эмнэлгийн хорооны үйл ажиллагаатай танилцсан. Талууд цаашид тоног төхөөрөмж нийлүүлэх болон эмч мэргэжилтнүүдээ сургах талаар хамтарч ажиллах тухай санал солилцож, холбогдох албаны хүмүүс хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав.

 

Холбоотой мэдээ