Шинжаан хэмээх шинэ хязгаарын сонин сайхан

Монголын мэдээ | Нийгэм
batbold.sh@montsame.gov.mn
2019-07-02 22:33:41
@ShoovdorBatbold

-"Discover Xinjiang" олон улсын сэтгүүлчдийн хөтөлбөрт оролцсон тэмдэглэл-


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинжаан Уйгарын өөртөө засах оронтой танилцуулах зорилгоор БНХАУ-ын "China daily" сониноос зохион байгуулсан "Discover Xinjiang" олон улсын сэтгүүлчдийн хөтөлбөрт Монгол Улсыг төлөөлж МОНЦАМЭ агентлагийн 2 сэтгүүлч хамрагдлаа. Өрөмч, Турфан, Чанжи, Карамай, Кашгар хотын аж амьдрал, түүх соёл, хөгжил дэвшилтэй 6 дугаар сарын 20-27-нд танилцуулсан уг хөтөлбөрт Монгол Улсаас гадна Сингапур, Малайз, Филиппин, Казахстан, Вьетнам, Тайланд зэрэг орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.



Газрын тос, байгалийн хий, нүүрсний нөөцөөрөө улсдаа тэргүүлэгч бүс нутаг

Алтайн нуруу, Тэнгэр уул, Кунлуны нуруу зэрэг дэлхийд томоохонд тооцогдох уул нурууд, Зүүнгарын говь, Таримын хотгор, Такла-Маканы элсэн цөл бүхий эх газрын эрс тэрс, хатуу ширүүн уур амьсгалтай ШУӨЗО буюу шинэ хязгаар /Шинжаан хэмээх нь хятадаар шинэ хязгаар нутаг гэсэн утгатай юм/ нь нийт 26 сая хүн амтай, хан, уйгар, казах, монгол зэрэг 55 үндэстэн аж төрдөг, үүнээс 13 үндэстэн нь энэ нутагт үе дамжин амьдарч иржээ.


Турфаны усан үзэм, Хамийн тарвас, Кашгарын анар зэрэг жимс, жимсгэнээрээ алдартайгаас гадна хөвөнгийн үйлдвэрлэлээр Хятад улсдаа тэргүүлдэг,  хонины мах, махан бүтээгдэхүүнээр хоёрдугаарт ордог, Евроазийн зах зээл рүү БНХАУ-ын нэвтрэх гол түшиц газар, бүс нутаг болоод Евроазийн орнуудын эдийн засаг, худалдаа, зам тээвэр, ложистик, газрын тос, байгалийн хийн тээврийн зангилаа нутаг бол ШУӨЗО юм байна. 2000 гаруй жилийн өмнөөс өрнө, дорныг холбосон Торгоны замын гол хэсэг үүгээр дайран өнгөрдөг байсан нь ч өдгөө ач холбогдлоо алдаагүй, хөгжлийнх нь үндсэн дэд бүтэц болжээ.


Мөн ШУӨЗО нь газрын тос, байгалийн хий, нүүрсний нөөцөөрөө Хятад улсдаа тэргүүлэгчдийн нэг, эрчим хүчний баялаг нөөцөөрөө хятадын бусад бүс нутгуудыг хангадаг ажээ. Тухайлбал, Шинжааны газрын тосны илэрсэн нөөц 20.9 тэрбум тонн бөгөөд энэ нь хятадын газрын тосны нөөцийн 30 хувь юм. Мөн 11 их наяд куб.метр байгалийн хийтэй /Хятадын байгалийн хийн нөөцийн 34 хувь/, 2.19 их наяд тонн нүүрс илэрсэн нь Хятад улсын нийт нүүрсний нөөцийн 40 хувь нь юм.


ШУӨЗО нь сүүлийн 10 гаруй жил эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд нийслэл Өрөмч хот нь 5 сая хүнтэй бол уйгар үндэстэн голлон амьдардаг 2000 жилийн түүхтэй Кашгар хот 4.6 сая, Турфан хот 650 мянга, хотон үндэсний өөртөө засах Чанжи хот 600 мянга, газрын тосны ажилчдын суурингаас орчин үеийн хот болж хөгжөөд буй баруун хойд бүсийн Карамай хот 170 мянган хүн амтай байна.



Уйгар үндэстний муками урлаг устах аюулаас аврагджээ

"Discover Xinjiang" хөтөлбөрт хамрагдсан олон улсын сэтгүүлчдийн баг ШУӨЗО-ны нийслэл Өрөмч хотод 2005 онд ЮНЕСКО-ын соёлын биет бус өвд бүртгүүлсэн уйгар үндэстний муками урлагийн ордонд зочилж, 2018 онд байгуулагдсан хотын олон улсын худалдааны төв /Grand Bazaar/, Шинжааны олон улсын үзэсгэлэнгийн төв, Исламын шашны дээд сургууль зэрэгтэй танилцав.


Уйгар үндэстний дунд амаар дамжиж ирсэн хөгжим, дуу, бүжиг хоршсон муками урлаг нэг үе уламжлал тасрахдаа тулаад байсан ч сүүлийн жилүүдэд нэгдсэн бодлогоор хамгаалагдаж, БНХАУ даяар төдийгүй хилийн чанадад тоглолт хийдэг 100 гаруй хүнтэй улсын харьяалалтай чуулга болж өргөжжээ.


Өрөмч дэх муками урлагийн ордонг Засгийн газраас 100 сая юанийн хөрөнгө гаргаж барьсан байна. Муками урлагийг одоо Шинжааны урлагийн сургуулиудад заадаг болсон төдийгүй өв залгамжлагчдад ч төрөөс анхаарах болжээ.

Өрөмчийн олон улсын худалдааны төв нь Шинжааны эдийн засгийн өсөлтөд голлох нөлөө үзүүлдэг, 730 метр урт гудамж дагуу 130 гаруй дэлгүүр, 50 гаруй хоолны газартай юм байна.


Тус захад 2018 онд 12 сая хүн зочилсон бөгөөд зуны улиралд өдөрт 150 мянга, өвөл өдөрт 30 мянган хүн үйлчлүүлдэг ажээ.

Исламын шашны сүмүүдэд ажиллах номлогч нарыг бэлтгэх зорилготой, 1987 онд анх 160 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхэлсэн Өрөмч дэх Исламын шашны дээд сургууль нь өдгөө 1100 гаруй оюутантай, 290 сая юанийн хөрөнгө оруулалтаар барьсан шинэ барилга нь 2017 онд ашиглалтад оржээ.


Ийм сургууль Шинжаанд 10 байдаг бөгөөд суралцагчдын бүх зардлыг төрөөс даадаг байна.



Шинжаанд 30 сар террорист халдлага гараагүй байна

Шинжааны олон улсын үзэсгэлэнгийн танхимд сэтгүүлчдэд тус өөртөө засах оронд 1990 оноос хойш удаа дараа гарч, олон мянган хүний амь нас, эрүүл мэндийг хохироосон исламын шашны хэт даврагчдын өдөөсөн террорист халдлагуудын талаарх мэдээлэлтэй танилцуулж, хэт даврагчдын үйлдсэн гэмт хэргүүдийн бичлэг, тэднээс хураасан буу зэвсэг зэргийг үзүүлэв. Гэхдээ БНХАУ-ын төрөөс олон шатны арга хэмжээ авч, урьдчилан сэргийлсний үр дүнд ШУӨЗО-д сүүлийн 2 жил гаруйн хугацаанд террорист халдлага гараагүйг онцлов.


Энэ талаар ШУӨЗО-ы Олон нийттэй харилцах газрын дарга, хатагтай Тиан Вэн, Шашны хэт даврагчдын үйлдэж болзошгүй халдлагаас сэргийлэх, аюулгүй байдлыг сахих чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Энэ бүхний үр дүнд сүүлийн 30 сарын хугацаанд ШУӨЗО-д террорист халдлага гараагүй. Шинжаанд аливаа гэмт хэргийн сэдэл  гарахад цагдаа 1 минутын дотор гарч ирж сэргийлэх боломжтой болсон. Шашны нөлөөнд хэт автсан хүмүүсийг сургадаг мэргэжлийн сургалтын төвүүдийг олноор нь байгуулж, эрсдэлтэй бүлэгт тооцогдож байгаа хүмүүсийг хамруулдаг болсон. Энэ сургалтын дараа хүмүүс амьдралын хэвийн хэвшилд эргэн орж байна. Үүнийг барууныхан “Шинжаанд хүний эрх зөрчиж байна, хүмүүсийг олноор нь сургах нэрээр хорьж байна” гээд байгаа. Шашныхан хүний амьдрах эрхэнд халдаж байсан бол бид дээрх арга хэмжээг авснаараа харин ч хүний эрхийг хамгаалж байгаа. Шинжаанд сүүлийн жилүүдэд эрүүгийн гэмт хэрэг ч багассан. Одоо манай орон Хятад дахь хамгийн аюулгүй газрын нэг гэж хэлэгдэж байна хэмээн танилцуулав.



Эрсдэлтэй бүлгийнхнийг хамруулдаг сургалтын төвийн тухайд...

Кашгарт бид хатагтай Тиан Вэний хэлсэн дээрх сургалтын төвүүдийн нэгт нь зочилж, уг сургалтын төвд суралцаад одоо гэр бүлийн хамт амар тайван амьдарч буй иргэнтэй ч уулзсан юм.


Кашгар дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь шашны нөлөөнд автсан, автах магадлалтай, гэмт хэрэгт холбогдож болзошгүй хэмээн орон нутгийн засаг захиргаа, цагдаагийн газарт бүртгэгдсэн эрсдэлтэй бүлгийн иргэдийг /зөвхөн уйгар үндэстэн гэхгүй эрсдэлтэй гэж үзсэн хэнийг ч сургана/ өөрийнх нь болон ар гэрийнхэн, тосгоны зөвлөлийн саналаар доод тал нь 6 сар, түүнээс дээш хугацаагаар сургаж, хятад хэл, хууль, мэргэжил олгох сургалт явуулдаг байна. Бидний танилцсан сургалтын төвд залуус голдуу 1000 гаруй иргэн суралцдаг хэмээн сургуулийн удирдлага танилцуулав. Тэдний 80 хувь нь эрэгтэй, 20 хувь нь эмэгтэй бөгөөд цахилгаанчин, оёдолчин, цахим худалдааны мэргэжил эзэмшдэг. Сургалтын зардал, байр, хоол гэх мэт бүх зардлыг нь төрөөс даадаг. Сургууль нь сургалтын байр, дотуур байр гэх мэт иж бүрэн цогцолбор. Суралцагчид нь амралтын өдрүүдэд ар гэртээ харьж болдог аж. Гагцхүү сургууль дээр шашны ямар нэгэн үйл ажиллагаа явуулах нь хориотой. Угаасаа Хятадын хуулиараа сургалтын газар шашны үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог юм байна.


ШУӨЗО-д терроризмтэй тэмцэх хууль гэж байдаг, тус хуулийн дагуу эдгээр мэргэжлийн сургуулийг байгуулжээ. Уг сургуулийг төгсөөд буцаад эрсдэлтэй бүлэг рүү орсон тохиолдол одоогоор гараагүй. Гэхдээ сургуулиуд байгуулагдаад 1 жил гаруйхны хугацаа өнгөрч байгаа тул одоохондоо үр дүн ярих боломжгүй байна хэмээн албаны хүмүүс хэлж байв.


Эрсдэлтэй бүлгийнхнийг хамруулан сургадаг мэргэжлийн сургалтын төвд 10 сарын хугацаанд суралцаад одоо хэвийн амьдралаар амьдарч буй хатагтай А...

-Би анх гэр бүлийнхээ жижиг дэлгүүрт худалдагч хийж байхдаа янз бүрийн хүмүүстэй танилцаж байсан. Тэдний зарим нь намайг ятгаж, уйгар хүмүүс байнга сүмд мөргөх ёстой...Шашны дэг жаягаа хатуу сахиулья, чи дэлгүүр ажиллуулж олон хүнтэй харьцдаг учир энэ талаар хүмүүст нөлөөлж, ятга гэх мэтээр нөлөөлөлдөө оруулсан. Би ч хүмүүсийг ятгаж, өөр шашинтай хүмүүст бараагаа зарахгүй, эсвэл өндөр үнээр зарна гэх мэтээр өөрчлөгдөж эхэлсэн. Үүнээсээ болоод нөхөртэйгээ байнга муудалцах болж, төрсөн гэртээ хүртэл хэд хэдэн удаа очиж амьдарсан. Тэгээд манай нөхөр, аав ээж зэрэг ойр тойрны хүмүүс тосгоны зөвлөлд мэдэгдээд тэдэнтэйгээ олон удаа ярилцсаны эцэст мэргэжлийн сургалтын төвд өөрийн хүсэлтээр орж суралцсан. Тэнд би хятад хэл тодорхой хэмжээнд сурсан. Бас хуулийн мэдлэгтэй болсон. Урлагийн мэргэжил бас эзэмшсэн. Бас нэлээн нээлттэй болсон. Урд нь би уламжлалт үзэлтэй байсан. Одоо урлагийн тоглолтуудад оролцож бүжиглэдэг. Бас ар гэрт ямар нэгэн зөрчилгүй амар тайван амьдарч байна хэмээн ярив.

Тэрбээр нөхөр, 8-10 насны 2 хүүхэд, өвөө эмээгийнхээ хамт тохилог хангалуун амьдардаг бөгөөд нөхөр нь хоолны газар ажиллуулдаг, хашаандаа жимс ногоогоо тарьчихсан, тахиа хонь тэжээдэг юм байна.


2018 онд 150 сая дотоод, гадаадын жуулчид зочилжээ


Турфан бол Шинжааны бэлгэдэл болсон эртний хот, жуулчдын очих дуртай газруудын нэг. Усан үзмээрээ алдартай, бараг л айл болгон усан үзэм тариалдаг. Хятадын хамгийн нам дор газар /далайн түвшнээс доош 154.8 метр/ учир +49 хэм хүртэл халдаг байна. 2018 онд Турфанд 16 сая дотоод, гадаадын жуулчин иржээ. Эртний хот Жиаохэ хотын туурийг л гэхэд өдөрт 8000 хүн үздэг хэмээн тайлбарлагч хэлэв. Турфанд бидний үзсэн Жиаохэ хотын туурь, Усан үзмийн тосгон, Тэнгэр уулаас татсан тариалангийн усжуулах системийг харуулсан Карез музей, Турфаны музей зэрэг нь жуулчдын сонирхлыг татаж байсан бөгөөд хятадын дотоодын жуулчид ч алхам тутамд тааралдаж байв.


Ер нь Шинжаан Хятадын аялал жуулчлалын гол бүс нутаг бөгөөд 2018 онд 150 сая жуулчин хүлээж авсан нь өмнөх жилээс 40 хувь өссөн үзүүлэлт ажээ. Эдгээрийн ихэнх нь дотоодын жуулчид бөгөөд 2.6 сая нь л гадаадын иргэд байсан байна.


Тэмээн хяруул үржүүлж эм, гоо сайхны брэнд гаргаж авч байна


Торгоны зам дайран өнгөрдөг Чанжи хотыг удирдлагууд нь “Эдийн засгийн хөгжил ирж буй хот” гэж тодотгов. Эдийн засгийн гол хөшүүрэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал юм байна. Чанжи хотын хоолны гудамж гэхэд л энэ хотод амьдардаг бүх үндэстнүүд хоолоо хийж зардаг, худалдаа үйлчилгээ голлосон, жуулчид цугладаг газар аж.


Чанжи хот дахь Шинжааны анагаах ухааны их сургууль нь эмчилгээ, сургалт, судалгааг хамтад нь явуулдаг, 800 ортой, АНУ, Франц зэрэг орноос эрдэмтэн профессорууд ирж эмчилгээ оношилгоо, сургалт хийдэг, хятадын уламжлалт болон европ эмчилгээг хослуулсан газар байна. Ялангуяа хятадын уламжлалт эмчилгээ зүү, төөнүүр, бариа засал эрэлт ихтэй байдаг бөгөөд үргүйдэл зэргийг амжилттай эмчилж байгаа хэмээн эмнэлгийн удирдлага танилцуулав.  Шинжаан нь жилд нэг удаа нийт иргэдээ үнэ төлбөргүй эмнэлгийн үзлэгт хамруулдаг бөгөөд хятадын нийт хүн амын 90 гаруй хувь нь эрүүл мэндийн даатгалтай, эрүүл мэндийн даатгалтай бол эмчилгээний зардлын 80-90 хувь нь даатгалаас төлөгддөг ажээ.


Тэмээн хяруул Австралиас авчирч үржүүлэн мах, арьсыг нь ашиглахын зэрэгцээ эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг EMU үржүүлгийн газар нь 90 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн, жилдээ 2 сая юанийн орлоготой ажилладаг юм байна.


Одоо тус үржүүлгийн газарт 170 гаруй тэмээн хяруул байгаа бөгөөд тэмээн хяруулын 1 ширхэг өндөг 300 юанийн үнэтэй зарагддаг.


Тэмээн хяруулын махыг хүнсэнд хэрэглэхийн зэрэгцээ саван, тосон түрхлэг, маск зэрэг эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн хийж зарж байна. Түүнчлэн арьсаар нь цүнх, түрүүвч, өдөөр нь сансрын хувцасны дотор хийх зэргээр EMU брэнд хөгжиж байна. Тэмээн хяруулын өндөгний хальс нь сийлбэр бүхий тансаг зэрэглэлийн бэлэг дурсгал болдог аж.


Сэтгүүлч бид Чанжи хотын Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн парктай мөн танилцсан бөгөөд энд төрөл бүрийн ургамлыг үрслүүлж ургуулаад иргэдэд худалдаалдаг юм байна.



Цөлийн суурингаас ногоон хот болсон Карамай

Карамай бол Хятадын баруун хойд нутгийн хот. 1950-иад оны үед энэ бүс нутагт нефтийн орд илэрч, 1955 онд анхны газрын тос гарчээ. Одоо Хятадын газрын тос үйлдвэрлэдэг гол бүс нутаг болсон байна. Газрын тосны ажилчдын элсэн цөл дэх бяцхан суурин ч өргөжсөөр дэд бүтэц, тээвэр ложистик, техник технологи хөгжсөн ногоон хот болжээ.


Карамай хотын нисэх буудал л гэхэд нислэгийн 20 гаруй шугамтай, ойр хавийн газрууд руу дайрч өнгөрөх жуулчдыг угтаж, үддэг газар аж. Нефть боловсруулах химийн үйлдвэр нь хотоосоо 100 гаруй км-т байдаг юм байна.


Элсэн цөл дунд боссон Карамай хотын 47 хувь нь одоо ногоорсон гэнэ. Гэхдээ ус багатай учир мод тарих өртөг хамгийн өндөртэй газарт тооцогддог. Карамайчууд “1 мод тарих нь 1 хүүхэд төрүүлж, өсгөхтэй адил” хэмээн ярьдаг байна. Сайшаалтай нь, орчныг ногооруулах тусам бороо орох давтамж нэмэгдэж байгаа ажээ.


Карамай хотод бид иргэдэд үйлчлэх төв, ахмадын амралт, сувиллын газар, Huawei болон China mobile компанийн байгуулсан Карамайн мэдээллийн технологи, үйлдвэрлэлийн парк, Бээжин дэх Хятадын газрын тосны их сургуулийн Карамай дахь салбар сургуультай танилцаж, уйгар айлд зочлон, Карамай голоор завиар аялав.


Мөн Карамай хотын төвд босгосон газрын тосны анхны цооног бүхий газарт босгосон дурсгалын цогцолбор, 2000 оноос өмнө цөл байгаад одоо 6000 гаруй га газрыг хамарсан мод, ургамал, ан амьтан бүхий амралт зугаалгын газар болсон Linhai парктай танилцсан юм. Сонирхолтой нь Linhai паркт монгол цагаан зээр нутагшуулсан хэмээн эндэхийн ажилчид танилцуулж байв.


Хятадын газрын тосны их сургуулийн Карамай дахь салбар сургууль нь 2000 гаруй оюутантай, 4 мэргэжлээр жилд бакалавр-400, магистр, докторын хөтөлбөрт тус бүр 50 оюутан элсүүлдэг. Суралцагчид нь эндэхийн нефтийн үйлдвэр зэрэг 17 газарт дадлага хийдэг, төгсөгчид нь дээд боловсролын дипломоос гадна ажлын байртай болчихдог сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон иж бүрэн цогцолбор юм байна.


Тус сургууль нь Хятадын топ-100 сургуулийн нэг бөгөөд дээд мэргэжилтэн бэлтгэхээс гадна богино хугацааны сургалтаар мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг аж. Дашрамд дурдахад, БНХАУ-д жилд 8 сая хүн их, дээд сургууль төгсөж, 13 сая хүн ажлын байртай болдог юм байна.


Хятад даяар байдаг үүлэн тооцооллын 6 том төвийн нэг нь Карамайд ажиллаж байна. 2013 онд Huawei компанийн дата баазыг түшиглэн албан ёсоор байгуулсан тус мэдээллийн технологи, үйлдвэрлэлийн паркийг засаг захиргаа, эрүүл мэнд, жижиг дунд үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний болон аюулыг хамгаалах байгууллага, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, био технологи, материал үйлдвэрлэл зэрэгт өргөнөөр ашиглаж байгаа юм байна.





Халида Ахмед гуайн гэрт...

Карамайд бид Халида Ахмед гуайн гэрт зочилж, тэдний аж амьдралтай танилцав. Тэрбээр Карамай хотод төрж, өссөн, одоо ч эндээ л аж төрж буй уйгар үндэстэн. Эхнэр, хүү, охины хамт амьдардаг, өөрөө сууц өмчлөгчийн холбоонд, эхнэр нь хотын захиргаанд ажилладаг юм байна.


Идээ ундаагаа дэлгэж угтсан Халида Ахмед гуай өрхийнхөө сарын орлогыг хэлэхээс татгалзаж байснаа даруухнаар 10000 юань хэмээв. Мөн одоо амьдарч байгаа 96 метр.кв байраа тухайн үед 200 мянган юаниар авч байснаа дурсаад одоогийн үнэлгээ нь 400 мянган юань болно гэв. Түүнчлэн цаашдаа байраа томруулах хүсэлтэй яваагаа дуулгав.


Карамайд бизнесийн зориулалттай байр 1 метр.кв нь 2400-3000 юань бол Засгийн газраас баталгаажуулсан байр 1 метр.кв нь 4000-5000 юань байдаг аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд Засгийн газраас явуулж буй иргэдээ ядуурлаас гаргах зорилт, орон сууцжуулах бодлогын хүрээнд байрны үнэ буурч байгаа хэмээн Халида Ахмед гуай хуучлаад бидэнд байраа танилцуулж, эхнэрийнхээ хамт хийсэн уйгар үндэстний хоолоор дайлав.


Карамай нь Алтайн уулсаас эх авсан “Хар тос” хэмээх голын нэр аж. Газрын тосны өлгий нутаг болохыг нь эртнээс мэдэж нэрлэсэн бололтой. Бас Карамайн элсийг сайн ажиглавал хар судалтай, хар бараандуу өнгөтэй харагдана лээ.




Кашгарт очоогүй бол...

Тэнгэр уулын баруун өмнө орших эртний түүхт Кашгар хотынхон “Кашгарт ирээгүй бол Шинжаан Уйгарт ирсэн хэмээн битгий ярьж бай” хэмээн хэлцдэг аж. Бас л аялал жуулчлалын гол бүс нутаг, 4.6 сая хүн амынх нь 90 гаруй хувь нь уйгар үндэстэн амьдардаг, араб маягийн төрхтэй хот юм.


Жуулчдад зориулаад хуучин Кашгар хотынхоо хаалга дээр өглөө болгон нээлтийн бяцхан ёслол хийдэг юм байна. Хуучин Кашгар хотын хаалгаар ороход бүхэлдээ худалдаа үйлчилгээний газар тосно.


Гар аргаар хийсэн ваар сав зэрэг шавар эдлэлийн хэсэг, төмөр эдлэлийн хэсэг, модон эдлэлийн хэсэг, уламжлалт анагаах ухаан, эмийн ургамлын хэсэг, уйгар маягийн цайны газрууд, эртний эдлэлийн хэсэг, хүнсний хэсэг гэх мэт...


Бас л дотоодын голдуу жуулчдын хөл дараастай. Уйгар хар цай, нана хэмээх уйгар гамбир, самсай буюу уйгар хуушуур, ямар ч амтлагчгүй хонины махан шөлийг нь таашаах жуулчид энд тэндгүй зураг дарж, өөрийнхөө хөргийг авч харагдана.


Кашгарт бид хуучин хоттой нь танилцахын зэрэгцээ Минь гүрний үед баригдсан исламын шашны Айтига сүм, хүүхдийн цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд зочилж, эцэст нь Grand Bazaar хэмээх их захаар нь орж Шинжаан дахь энэ удаагийн аяллын сүүлчийн хот тул дор бүртээ бэлэг дурсгалын зүйлс худалдаж авав.

























 

 

 

Холбоотой мэдээ