Сүхбаатарчууд “Хайртай” аянд нэгдлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-07-02 13:08:04

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хурд хамтлагийн санаачилгаар, Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй "Хайртай" аян Сүхбаатар аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөлөө. Урлаг, дуу хөгжмөөр дамжуулан бүх нийтийг соён гэгээрүүлэх зорилго бүхий уг аянд Сүхбаатарчууд нэгдлээ.

Монгол Улсын зүүн гурван аймгаас эхэлсэн “Хайртай” аяны баг хамт олныг Сүхбаатар аймгийн удирдлагууд, төрийн албан хаагчид үндэсний дээл хувцсаараа гоён, их жанжныхаа талбайд хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Жаахан шарга театрын уран бүтээлчид нутгийн онцлогийг харуулсан урлагийн тоглолтыг сонирхуулсан нь аяны баг хамт олны сэтгэлд ихэд нийцсэн юм. 


Хурд хамтлагийн гишүүн, МУГЖ Д.Отгонбаяр,

Хурд хамтлаг 26 жилийн хугацаанд Сүхбаатар аймагт бүрэн бүрэлдэхүүнээрээ дөрөв дэх удаагаа ирж байна. Ер нь хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагийн арга хэмжээ маш их дутагдаж байгаа нь харагдаж байна. Хайртай аяны хүрээнд Сүхбаатарчууд их жанжин Д.Сүхбаатарынхаа талбайд бид бүхнийг тосон авсанд маш их баяртай байна. Энэ бол том хүндэтгэл. Бид ч баг хамт олноороо Сүхбаатарчуудыгаа зорин зорин ирлээ. Уулзалтууд, тоглолт гээд бүгд сайхан боллоо. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Бид өөрсдийн дуу хөгжим, уран бүтээлээрээ дамжуулан Сүхбаатарчуудыг нэгтгэлээ, цаашид бид Монголчуудаа нэгтгэх болно. Хурдыг хайрладаг, хүндэлдэг бүх хүнд хайртай шүү гэж хэлэхийг хүсч байна.


Хурд хамтлагийн хөгжимчин Б.Наранбаатар,

Аян маань гурав дахь аймагтаа маш амжилттай хэрэгжиж байна. Юуны өмнө халуун дотноор хүлээн авсан Сүхбаатарчууддаа баярлалаа. Бид Сүхбаатар аймагт хоёр өдрийн турш амжилттай ажиллаж, үр дүнд хүрлээ. Ер нь энэхүү аянаар дамжуулан эрчүүд рүү чиглэсэн үйл ажиллагааг түлхүү явуулж байгаа. Учир нь эр хүн өрх гэрээ, улс эх орноо залж явах хүмүүс шүү дээ. Эрчүүдийн ноён нуруу хугарахгүй бүтэн байваас бүх зүйл сайхан болно. Эндээс л гэр бүлийн аз жаргал, эх орны хөгжил дэвшил эхэлнэ. Бидний хэлж ярьж буй бүхэнтэй хүмүүс ч санал нэгдэн, илэн далангүй ярилцаж, цаашид яах ёстой талаар санал бодлоо солилцож явна. Үнэхээр иргэд, нийгэм соён гэгээрлийг хүсч байна. Үүнийг Хурд эхлүүлсэн, цаашид ч үргэлжлүүлэн олон олон амжилтыг гаргах болно гэлээ.

Хэвлэл мэдээлэл цахим орчноор хар муу муухай мэдээллүүд өдөр болгон цацагдаж нийгмийг, ард иргэдийг асар их стресс дарамтад оруулж энэ нь цаашлаад иргэдийн амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байгаа явдлууд нь энэхүү хайртай аяныг өрнүүлэх болсон гол шалтгаан гэдгийг санаачлагчид онцолж байлаа. Тийм ч учраас урлагт тасралтгүй 26 жил зүтгэсэн Хурд хамтлагийнхан өөрсдийн уран бүтээлээр дамжуулан бусдыг ийнхүү сайн сайханд уриалан дуудаж байна.


Аяны үйл ажиллагаа дан ганц урлаг соёлын тоглолтоор хязгаарлагдаагүй. Өсвөр насны хүүхдүүд, насанд хүрэгчид, цэрэг, цагдаа зэрэг хууль хүчний байгууллагынханд зориулсан чин сэтгэлийн яриа өрнүүлсэн. Эр хүн ямар байх ёстой талаар холбогдох хүмүүс мэдээлэл өгч байлаа. Мөн ЦЕГ-тай хамтран замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцож, хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах уриалга бүхий “Яараад яахав дээ” аяныг сурталчилж, үүнд нэгдэхийг уриалсан. Учир нь энэ бол соён гэгээрлийн маш том ажил гэдгийг тэд хэллээ.

Ер нь энэхүү "Хайртай" аян үнэхээр цаг үеээ олсон, иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангасан ажил болж байгааг иргэд сайшааж, дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. 

Холбоотой мэдээ