Тусгай зөвшөөрлийн 463 сая төгрөг орон нутагт шилжинэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-07-03 11:04:00

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ, Сангийн яамнаас санаачлан Татварын газар, Төрийн Аудитын газартай хамтран “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны аймгийн 6 дугаар зөвлөгөөн ”-ийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд санхүүгийн салбарт ажиллаж байгаа 130 гаруй санхүүч, эдийн засагч, нягтлан бодогч нарыг хамруулан аймгийн Санхүүгийн алба, Нягтлан бодох бүртгэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт, Орон нутгийн төсвийн төлөвлөлт, орон нутгийн хөгжлийн сангийн хууль журмын хэрэгжилт болон өөрчлөлтийн талаар хэлэлцэж, Бүртгэл, санхүү, эдийн засгийн тэргүүний ажилтны улсын зөвлөгөөнд оролцох найман төлөөлөгчөө сонголоо.

Зөвлөгөөнд тус аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав хүрэлцэн ирж баяр хүргэсэн бол чиглүүлэгчээр аймгийн СТСХ-ийн дарга С.Нямдаваа, илтгэгчээр Сангийн яамны харьяа НБББГ-ын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх н.Батсүх, Төсвийн бодлого зохицуулалтын газрын Нэгтгэлийн хэлтсийн мэргэжилтэн Х.Мөнхбаяр нар хөтлөн явууллаа.

Яамны мэргэжилтнүүдийн илтгэлд "Орон нутгийн төсөвт 2019 онд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 50 хувийг ОНХС-д, Түүхий нүүрсний агаарын бохирдлын төлбөрийн 50 хувийг орон нутгийн төсөвт, газрын тосны тусгай зөвшөөрлийн 30 хувийг орон нутгийн төсөвт хуваарилж шинэ орлогын эх үүсвэрүүдийг бүрдүүлж байгааг дуулгалаа. Тухайлбал, Хэнтий аймагт ашиг малтмал, газрын тосны хайгуулын тусгай зөвшөөрлийн 463 сая төгрөг орон нутагт шилжиж байгаа аж.

Холбоотой мэдээ