Завханы наадмаар 32 цолгүй бөхийн барилдааныг зохион байгуулж цол олгоно

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-04 00:00:39

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн баяр наадам Засгийн газрын тогтоолын дагуу 07 дугаар сарын 10,11 нд болно. Энэ жилийн баяр наадмын нэг онцлог нь Улиастай сум анх удаа цолгүй 32 бөхийн барилдааныг зохион байгуулж, сумын начин цолыг олгохоор болжээ.

Мөн Донойн хөндийн морин уралдааныг үзэгчидтэй, өргөн хүрээнд хийх зорилгоор дээрх барилдааныг долдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Наадмын үеэр морины уралдааны аюулгүй байдалд анхаарч гарааны төхөөрөмжийг шинэчилж байгаагаас гадна морийг шүдлэж хасагдсан морьдыг морьд гартал хашаанд байлгах, хурдан морьдыг зайлшгүй шаардлагатай чиглүүлэгч, хүн эмнэлэг, мал эмнэлэг, хэвлэл мэдээллийн гэхчлэн таваас илүүгүй автомашинаас өөр автомашин дагахгүй байхаар Цагдаагийн хяналтыг чангатгаж нисдэг камер ажиллуулахаар болжээ. Хэрэв зөвшөөрөлгүй морь дагасан тохиолдолд хариуцлага тооцох аж. Морь унаач хүүхдийн аюулгүй байдалд онцгой анхаарч, хамгаалалтын хувцас өмсүүлэх, даатгалд хамруулах, гэрээ хийхээс гадна айрагдсан морьдын цолыг дуудахад унаач хүүхдийг мөн алдаршуулахаар болжээ. Харин сумдын наадамд шөвгөрсөн бөхчүүд аймгийн наадамд урилгаар барилдана. Бөхчүүд шударга барилдахаа илэрхийлж тангараг өргөнө. Мөн бөхийн оноолтын автомат систем ажиллуулна. Энэ нь бөхийн найраа зэрэг элдэв зөрчлөөс сэргийлэх зорилготой юм хэмээн наадмыг зохион байгуулах комисоос мэдээлэв.

Үндэсний монгол бичгээр наадмын талбайгаа чимнэ

Завхан аймгийн баяр наадмаар сурын харвааны хувьд өсвөрийн харваачид анх удаа дөрвөн насны ангиллаар өрсөлдөх юм байна.

Харин хасаа харвааг өргөн хүрээнд зохион байгуулах зорилгоор Донойн хөндийд морины уралдаан, 32 бөхийн барилдаантай хамт зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн наадмын өдрүүдэд уламжлал ёсоор сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, гүйлтийн тэмцээнүүд зохионо.

Энэ жил наадамчдын эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор төв цэнгэлдэхийн хашаа руу машин оруулахгүйгээр наадах бөгөөд автомашины зогсоолыг наадмын талбайгаас 300 метрийн зайд байрлах Хаус хороолол чиглэлд зогсоол гаргаж байрлуулахаар шийдвэрлэжээ.

Баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Улиастай сумын цэргийн хүрээний ангиуд нэгдэнэ. Түүнчлэн 200 хүүхдийн гимнастик, 90 сурагчийн уран уншлага, сумдын цэцэрлэгийн багш нарын бүжгийн тоглолт зэрэг сонирхолтой үзүүлбэрүүдийг бэлтгэж байгаа юм байна. “Миний Монгол 2025” төслийн хүрээнд бийрэн бичлэгийн сургалтад хамрагдсан багш нарын бичвэрүүдээр баяр наадмын талбайгаа чимж, наадамчдыг хоггүй цэвэр наадан, гялгар уутан тор, уут хэрэглэхгүй байхыг уриалж байгаа хэмээн наадмын комиссоос нэмж дуулгалаа.

Холбоотой мэдээ