Тайлан хожимдуулсан удирдлагуудад хариуцлага тооцно

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2019-07-04 16:40:14

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал болж, 2019 оны эхний хагас жилийн тайланг хугацаа хожимдуулсан, дутуу тайлан ирүүлсэн газрын дарга нарт хариуцлага тооцох асуудлыг хөндсөн байна.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2019 оны хагас тайланг нэгтгэж Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс танилцууллаа. Хяналт, шинжилгээ үнэлгээний ажлын тайланг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан хяналт, шинжилгээ үнэлгээний журмын дагуу албан байгууллагууд 6-р сарын 15-ны дотор ирүүлсэн байх үүрэгтэй. Гэтэл байгууллагууд заасан цаг хугацаанд нь тайлан мэдээгээ өгдөггүй, дарга нар өөрсдөө нягталж хянадаггүй, хариуцсан мэргэжилтэнд үүрэг өгөөд орхидог. Үүнээс болж тайлагналт дутуу, үйл ажиллагааг тоочиж бичихээс биш үр дүнг тооцсон, харьцуулж дүн шинжилгээ хийдэггүй байдал нийтлэг ажиглагдаж буйг аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Д.Баасандорж анхаарууллаа.

Хугацаанд нь тайлангаа өгөөгүй байгууллага байгаагаас гадна өмнөх жилийн ажлаа хуулаад биччихсэн тохиолдол ч байгааг мөн тэрээр хэлсэн. Тиймээс Засаг даргын зөвлөлийн хуралд алба, агентлагийн дарга нарыг оролцуулж өргөтгөсөн байдлаар ээлжит хурлыг хийжээ.

Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар дээрх асуудалтай танилцаад, бид хийсэн ажлаа тайлагнаж, цаасан хэлбэрт оруулах, танилцуулах тал дээр учир дутагдалтай байна. Тиймээс цаашид ажил албандаа хариуцлагатай, хянамгай хандаж ажиллахыг хатуу санууллаа. 2018 оны үйл ажиллагааны жилийн эцсийн хэрэгжилт 77.5 хувьтай байсан бол 2019 оны хагас жилийн хэрэгжилт 80.9 хувьтайгаар тайлан нэгтгэгдэж байна.

Ирүүлсэн тайлангаас харахад өөрийн үндсэн салбар чиглэлийн заалтын хэрэгжилтийг орхигдуулах, зорилтот арга хэмжээний хэрэгжилтийг илэрхийлэх шийдвэрийн огноо, дугаар, санхүүжилтын эх үүсвэр, хэмжээ, тоон үзүүлэлтийг тусгахгүй байгаа алдаа дутагдал нийтлэг гарч байна. 2019 оны хагас жилийн тайланг хугацаа хожимдуулсан, дутуу дулимаг хандаж ажилласан, хариуцлага алдсан албан тушаалтанг нэг бүрчлэн танилцуулж, дарга нарт нь хариуцлага тооцох, босоо удирдлагатай агентлагуудын дарга нарыг харьяа дээд газарт хандаж, хариуцлагын арга хэмжээ тооцуулах санал явуулахыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Ган-Очирт үүрэг болгов.

Холбоотой мэдээ