Түүхэндээ анх удаа зургаан тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-07-05 14:34:22

Хэнтий /МОНЦАМЭ/ Бэрхчүүдийн хувьд 2018, 2019 он их бүтээн байгуулалт өрнөсөн жил болж байгаа бөгөөд түүхэндээ анх удаа зургаан тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлууд энэ цаг хугацаанд хийж байгаа аж.

Тухайлбал, нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбогдох ажил /20,0 тэрбум/, дулааны станцын засвар шинэчлэлийн ажил /900,0 сая/, 150 хүүхдийн дотуур байр барих ажил /1,5 тэрбум/, ЕБС-ийг олон улсын кембриджийн стандарт нэвтрүүлэх ажил /1,0 тэрбум/, 110квт-ын өндөр хүчдэлийн дэд станц барих ажил /2,4 тэрбум/, хөл бөмбөгийн талбайтай спорт цогцолбор барих ажил /150,0 сая/, орон сууцнуудын дээвэр засварын ажил /114,0 сая/ зэрэг томоохон улсын төсвийн хөрөнгө оруулалт оржээ. 

Түүнээс гадна төрийн байгууллагуудын тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажлын хүрээнд Сум дундын эмнэлэгт рентген аппарат, ЕБС, Соёлын ордон, хүүхдийн цэцэрлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмж авах, наадмын талбай, цэцэрлэгт хүрээлэн тохижуулах, хотын гэрэлтүүлэг, камержуулалт зэрэг ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байна.

Мөн Бэрхийн уурхайн хаалт хөгжлийн менежментийн ажлын хүрээнд “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” байгуулах талаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарч, Монголросцветмет ТӨҮГ-ын дэргэд уг ажлыг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулан үйл ажиллагаа нь эхлээд байна.

Энэхүү томоохон бүтээн байгуулалт нь Монголдоо анхдагч бөгөөд Түүхэн аялал жуулчлалын бүс нутагт байрлах жуулчдыг татах соронзон орон бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохоор төлөвлөн ажиллаж байгаа юм.

Монгол Улсын өнгөт металлургийн салбарын ууган үйлдвэр Бэрхийн уурхайг түшиглэн үндэс сууриа тавьсан Бэрх хотыг өнөөдөр үүсгэн байгуулсаны 65 жилийн ой тохиож байна.Түүхт ойн босгон дээрээ Бэрх хот өнгө төрхөө засаж, тэнгэр хангай хур бороогоо хайрласан дэлгэр сайхан зунтай золгожээ. 


Холбоотой мэдээ