Завханы 30 малчин өрхөд сүү цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмж өгчээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-05 11:38:39

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт мах сүүний анхдугаар аяны хүрээнд малчдад 86.4 сая төгрөгийн сүү, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмжийг өгчээ. Аяны хүрээнд Их-Уул, Тосонцэнгэл, Алдархаан, Отгон, Эрдэнэхайрхан сумдын сүү цагаан идээ боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван аж ахуйн нэгжид тусламж үзүүлжээ.

Тусламжаар дээрх сумдын 30 малчин өрхөд 14 нэр төрлийн 438 ширхэг нийт 86.4 сая төгрөгийн сүү, цагаан идээ боловсруулах тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн байна. Тус аяныг хөдөө аж ахуйн боломжит нөөцөө бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, иргэдээ баталгаат хүнсээр, үйлдвэрээ түүхий эдээр тогтвортой хангах, улмаар эдийн засагт тодорхой өсөлтийг бий болгохоор зохион байгуулж буй ажил юм хэмээн зохион байгуулагчид дуулгав.

Мөн аянаар эрчимжсэн аж ахуй, тэжээлийн тариаланг хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрийг дэмжих, дотоодын хэрэглээгээ хангаж, экспортоо нэмэгдүүлэх төлөвлөгөөтэйгөөр Завхан аймаг оролцож байна. Ийнхүү мах, сүүний боловсруулах салбарыг хөгжүүлэх таван зорилтын хүрээнд ХХААХҮЯ болон Азийн хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтын төслөөс санхүүгийн дэмжлэгийг үзүүлжээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улсын Засгийн газар 2016 оны 12 сард “Үндэсний аян өрнүүлэх тухай” тогтоол гаргасан. Энэхүү тогтоолын хүрээнд ХХААХҮ-ийн сайдын 2017 оны тушаалаар “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулах төлөвлөгөөг баталсан аж. Дээрх тогтоолуудыг үндэслэн энэ жил Монгол Улсын хэмжээнд “Мах, сүүний анхдугаар аян”-ыг “Эрүүл хүнс- Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ