Замын-Үүдийн наадам өргөн дэлгэр болж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-07-05 21:53:56

Дорноговь /МОНЦАМЭ/. Тулгар төрийг байгуулсны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98, Дорноговь аймгийн Замын-Үүд сум үүсч хөгжсөний 25 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 05-нд эхэллээ.

Наадмын нээлтэд Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг дарга Н.Алдарбаяр нар мэндчилгээ дэвшүүлсэн бол нээлтийн үйл ажиллагааг БНХАУ-ын зочид, төлөөлөгч, орон нутгийн байгууллагын удирдлагууд, наадамчин олон үзэж сонирхов. 

Нээлт ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, урлаг соёлын авьяастнуудын үзүүлэх тоглолт, уртын дуу, бүжгээр эхэлсэн бол тэмээн жингийн цуваа, морьтны соёл, спортын алдартнуудын үзүүлбэр наадамчдын сэтгэлийг баясгалаа.

Хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглож байна

Хүчит бөхийн барилдаанд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат аймгийн арслан Ц.Чинзориг, Архангай аймгийн Булган сумын уугуул аймгийн арслан Б.Гансүх, Улаанбадрах сумын уугуул, аймгийн харцага Г.Сэрчинбат, Б.Анхбат, аймгийн начин С.Ариунболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Намнансүрэн, О.Зундуй тэргүүтэй 128 бөх зодоглож байна.

Өнөөдөр хүчит бөхийн барилдааны нэг, хоёрын даваа үргэлжилсэн бол баяр наадмын хөтөлбөрийн дагуу долдугаар сарын 06-нд наадмын түрүү, үзүүрийн бөх тодорно.

Азарганы  уралдаанд М.Буянхишигийн хар  түрүүлэв

Наадмын эхний өдөр гарааны зурхайгаас  азарга, их нас, дааган насны хурдан хүлгүүд шандас сорин уралдав. Хурдан азарганы уралдаанд нийт 32  хурдан буян шандас шалган хурдалснаас М.Буянхишигийн хар азарга магнайдаа тоосгүй давхив.

Аман хүзүүнд  Замын-Үүд сумын аймгийн алдарт уяач Б.Мөнхбаатарын хар давхисан бол айргийн гуравт Өргөн сумын алдарт уяач С.Содномдоржийн буурал давхиж, айргийн дөрөвт Замын-Үүд сумын алдарт уяач У.Алтансүхийн хул, айргийн тавд Замын-Үүд сумын алдарт уяач Х.Сайнбуянгийн загал давхив.

 Их насны морийг Эрдэнэ сумын Ч.Батболдын хар өнгөлөв

Их насны морьдын уралдаанд нийт 56 хурдан буян гарааны зурхайгаас гарч хурдлахад Эрдэнэ сумын уяач Ч.Батболдын хар морь түрүүлэв. Аман хүзүүнд Эрдэнэ сумын уяач А.Төмөр-Очирын зээрд, айргийн гуравт Замын-Үүд сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Октябрийн хул морь, айргийн дөрөвт Замын-Үүд сумын уяач Ц.Энхбаярын зээрд, айргийн тавд Замын-Үүд сумын аймгийн алдарт уяач Л.Цэдэндоржийн хул давхив.

Л.Цэдэндоржийн хул даага түрүүлэв

Хурдан дааганы уралдаанд 31  хурдан хүлэг хурдалснаас Замын-Үүд сумын аймгийн алдарт уяач Л.Цэдэндоржийн хул даага түрүүллээ.

Аман хүзүүнд Замын-Үүд сумын аймгийн алдарт уяач Л.Цэдэндоржийн зээрд, айргийн гуравт Эрдэнэ сумын уяач Э.Мөнхзолбоогийн саарал, айргийн дөрөвт Замын-Үүд сумын аймгийн алдарт уяач Г.Амарсайханы зээрд, айргийн тавд  Замын-Үүд сумын аймгийн алдарт уяач Д.Октябрийн хээр даага хурдалжээ. Харин баян ходоодоор Эрдэнэ сумын уяач Э.Эрдэнэбаатарын хүрэн даага тодорчээ.

Замын-Үүдийн нутгаар наадмын өмнөх орой хур бороо орж газрын хөрс чийгтэй байгаа болохоор морьд улдахгүй, тоос багатай замаар сайхан наадаж байна гэж хол ойроос ирсэн наадамчид ярьж байв.

Монгол Улсын хилийн хамгийн том боомт хот болох Замын-Үүдийн наадамд хөрш зэргэлдээ Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах зэрэг цөөнгүй сумын наадамчид иржээ.

Мөн наадмын үеэр эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг орон нутгийн болон салбарын шагналаар шагнав.

Замын-Үүдэд их бүтээн байгуулалт өрнөж байна

Замын-Үүдэд энэ жил улсын төсвийн 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  150 хүүхдийн цэцэрлэг, 246 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоглоомын талбай, 89 сая төгрөгөөр нэгдүгээр цэцэрлэгийн шугам сүлжээний засварын ажил, 56.9 сая төгрөгөөр хоёрдугаар цэцэрлэгийн шугам сүлжээг шинэчлэхээр төлөвлөжээ.

Харин аймгийн хөрөнгө оруулалтаар Иргэдийн хөгжлийн төв, халуун ус  барих бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 466,8 сая төгрөг, сумын хөрөнгө оруулалтаар нэг тэрбум орчим төгрөгийн бүтээн байгуулалт өрнүүлэх аж. Мөн  бусад төсөл хөтөлбөрийн хүрээнд Замын-Үүдийн төвөөс босоо тэнхлэгийн АН-3 авто зам хүртэлх 3,2 км авто замыг 3.7 тэрбум, Азийн хөгжлийн банкны төслөөр 2,5 км цэвэр усны шугамыг 1.1 тэрбум төгрөгөөр тус тус гүйцэтгэнэ. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар есөн тэрбум, “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн хүрээнд зорчигч, ачаа тээврийн боомтыг 201 сая юанийн хөрөнгөөр барих аж.

Холбоотой мэдээ