Булган-Орхон сумын чиглэлийн хатуу хучилттай автозам ашиглалтад орлоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-07-07 19:35:45

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган-Орхон сумын чиглэлийн 22 км хатуу хучилттай автозамыг “Эйч Кей Би интернейшнл холдинг” ХХК гэрээт хугацаанаасаа өмнө барьж ашиглалтад орууллаа.

Булган-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 133,7 км хатуу хучилттай авто замын эхлэл болох аймгийн төвөөс Орхон сум хүртэлх зам ашиглалтад орж байгаа нь энэ юм. Авто зам нээх ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга М.Оюунбат, Засаг дарга З.Батзориг нарын албаны хүмүүс оролцлоо.

- Энэ замыг өнгөрсөн оны тавдугаар сард Зам тээврийн хөгжлийн яамтай хийсэн гэрээгээр энэ оны 11 дүгээр сард ашиглалтад өгөх байсан. ЗТХЯ, Сангийн яам зэрэг байгууллага дэмжин ажилласны хүчинд хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа. Улсын төсвийн 20,5 тэрбум төгрөгийн өртгөөр энэ замыг барьсан гэж “Эйч Кей Би интернейшнл холдинг” ХХК-ийн орлогч захирал Х.Мамбет ярилаа.

Улаанбаатар-Дарханы зам засварт орж, нийслэлээс Хөвсгөл, Орхон, Булган аймгийн чиглэлийн замын автомашин Лүн-Дашинчилэн-Булган гэсэн сайжруулсан шороон замаар зорчиж байгаа юм. Энэ чиглэлийн зорчигчид Булган, Орхон сумын хооронд шинээр ашиглалтад орсон хатуу хучилттай авто замаар зорчиж эхэллээ.

Холбоотой мэдээ