Нэгдсэн халаалт, цэвэр усаар хангагджээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-07-07 19:49:49

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагаанчулуут сум нь ундны усны хамгийн хүндрэлтэй асуудал болох зөөврийн ундны усны асуудлаа шийдвэрлэж хэрэглээний цэвэр усаар хангагджээ.

НҮБ-ын МОН/16/301 төслөөс 25 сая, Тайванийн төлөөлөгчийн газраас 43.7 сая, сумын орон нутгийн хөгжлийн сангаас хоёр сая төгрөгийн төсөвт зардалтайгаар хэрэглээний цэвэр усаар хангагдсан байна. Өнөөдрийн байдлаар сумын албан газар, аж ахуйн нэгжүүд цэвэр усаар хангагдаж, харин айл өрхүүд сумын доторх ус түгээх цэгээр үйлчлүүлэх боломжтой болжээ. Түүнчлэн төвийн шугам сүлжээндээ ойрхон айл өрхүүдийг цэвэр ус, дулаанд холбох ажлыг хийж байна. 

Цагаанчулуут сум энэ жил нэгдсэн халаалтын системд бүрэн холбогдож найдвартай дулааны эх үүсвэртэй болохоор төлөвлөж байгаа талаарх мэдээллийг сумын ЗДТГ-аас мэдээлэв. Ингэснээр аж ахуйн нэгж, албан байгууллагуудын ажилчдын ажлын бүтээмж сайжирч, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх орчин бүрдээд байгаа хэмээв.

Дашрамд дуулгахад, тус сум Арц нэртэй булгийг түшиглэн мал, амьтны бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх, усны нөөц бүрдүүлэх зорилгоор найман метрийн өргөн, 28 метрийн урттай, 3.5 метрийн гүнтэй хөв цөөрөм байгуулсан. Тус хөв цөөрмийг байгуулахад орон нутгийн хөгжлийн сангаас 7.3 сая төгрөгийг төсөвлөж, ард иргэдийн оролцоотойгоор нийт 9.5 сая төгрөгийн зардлаар “Ундарга-Алтай” ХХК нутгийн иргэдтэй хамтран байгуулжээ. Өнгөрсөн жил Цагаанчулуут суманд улсын төсөв, орон нутгийн болон хувийн компанийн хөрөнгө оруулалтаар нийт нэг тэрбум гаруй төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ.  

Холбоотой мэдээ