Ө.Мөнх-Эрдэнэ: Сайхан амьдаръя гэвэл өөрчлөлтийг маш хурдан хүлээж авч хэрэгжүүлэх хэрэгтэй

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2019-07-08 15:18:04

Хэнтий /МОНЦАМЭ/ “Таргалалттай тэмцдэггүй, та өөртэйгөө л тэмцэнэ. Тийм учраас таныг амжилттай дасгалжуулахын тулд манай йогийн төв ажилладаг юм. Өглөө бүр 06:00 цаг, 18:30 цагт бид таныг хүлээж байдаг" хэмээн ярих нэгэн залуутай уншигч та бүхнийг уулзуулъя. Тэрбээр өглөө бүр 05:30 цагт босч, Хэнтийн бүсгүйчүүдийн эрүүл мэнд, гоо сайханд хөрөнгө оруулалт хийдэг ажээ. Яагаад түүнийг урих болсон шалтгааныг ярилцлагаас маань уншаарай.

 

-Өдрийн мэнд Мөнх-Эрдэнэ захирал аа?

-Өдрийн мэнд. Юуны өмнө МОНЦАМЭ-гийн ярилцлагын буланд урьсан танд баярлалаа. 

-Өглөөг хэрхэн эхлүүлдэг вэ? Хамгийн түрүүн хийдэг сайн зуршлаасаа нэрлэхгүй юу?

-Чөлөөт цаг гарах л юм бол ном унших хоббитой. Тийм ч болохоор Өглөөний гайхамшиг гэдэг номыг уншиж судалснаас хойш эрт босохын гайхалтай давуу талууд,  эрч хүчийг мэдрээд нэг жилийн нүүрийг үзсэн байна. Мөн йогийн төвийг Хэнтий аймагтаа нээгээд нэг жилийн хугацаа өнгөрчээ. Шинэ өглөө бүрийг эртэч бүсгүйчүүд, залуучуудынхаа хамтаар эрүүл мэнд, гоо сайхныхаа төлөө йогийн дасгал хийж эхлүүлдэг. Тиймээс тогтмол өглөөний 05.30 цагт босдог. Хамгийн түрүүний сайн зуршил гэвэл өглөө өлөн элгэн дээрээ 4 стакан бүлээн ус уугаад, ходоодонд хуримтлагдсан хорт бодисоо гаргахаас эхэлдэг дээ.

-Бүсгүйчүүдийн эрүүл мэнд гоо сайхны төлөө эрэгтэй хүн ажилладаг гэхээр их сонирхолтой байна шүү?

-Тийм ээ. Хүмүүс их гайхдаг. Эрэгтэй хүн, бүр цэргийн офицер байсан залуу йог зааж, гоо сайхан, арьс арчилгааны сургалт хийдэг гэхэд “хөөх” гээд л уулга алддаг хүмүүстэй их таарч байлаа. /инээв/ Гэхдээ яагаад болохгүй гэж. Харин ч олон давуу талтай гэж боддог шүү.

-Таны мэргэжил эрхзүйч. Хэзээнээс одоогийн энэ салбарт ажиллах болсон юм бэ?

-Би 2016 оны 6 дугаар сард Хэнтий аймагт томилогдож, ШШГГ хорих 419-р ангид Шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Хоёр жилийн хугацаанд төрийн албанд зүтгээд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 2018 оны тавдугаар сараас Хэнтийчүүдийнхээ эрүүл мэнд, гоо сайханд туслах ажилдаа ханцуй шамлан орсон доо. Энэ салбарт ажилласнаар гэр бүлдээ болон өөртөө маш их цаг гаргадаг болсон, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн ажиллаж байна. Гайхамшигтай биш гэж үү.

-Цэргийн байгууллагын дүрэмт хувцсаа тайлаад жирийн ард болох тийм ч амар биш байсан байх. Юу таныг ингэж өөрчлөв өө?

-Маш гоё асуулт байна. Дөрвөн жилийн хугацаанд цэргийн сургуульд сурч тангараг өргөж офицер болчихоод хувцсаа тайлна гэдэг тийм ч амар зүйл байгаагүй. Гэхдээ миний урдаа тавьсан зорилго түүнээс том байсан учраас ямар ч асуудал байгаагүй. Би Хэнтий аймагт анх ирээд иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөдөг, зөв идэвхтэй хөдөлгөөн хийлгэдэг газар дутмаг байгааг анзаарч байсан. Хэзээ, хэн нээх бол гэж хүлээж байснаас өөрөө нээгээд үйл ажиллагаа явуулна гэж төсөөлж байсангүй. Харин 2018 оны 5 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод болдог гайхалтай нэгэн дамжаанд сууснаар энэ шийдвэртээ бат зогссон. Миний суусан дамжаа хүн болгоны хүсээд байдаг хэрнээ түүндээ хүрч чаддаггүй амьдралын хэв маягийг ойлгуулж, муу зуршил, сэтгэлгээ, хүмүүжлийг өөрчилж “төрөл арилжсан мэт” болгодог тийм гайхалтай мэдээлэлтэй дамжаа л даа. Миний хувьд энэ дамжаанд сууснаасаа хойш орчлон хорвоог гэрэлтэй, гэгээлэг, эерэг талаас нь харж эхэлсэн болохоор маш хурдан өөрчлөгдсөн. Ер нь баян байя, сайхан амьдаръя, эрүүл байя гэж бодож байвал өөрчлөлтийг маш хурдан өөртөө хүлээж авдаг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй юм байна. Тийм хүсэл хүн болгоны дотор байдаг хэдий ч зөн совингоо дагаж зоригтой шийдвэр гаргадаг нь ховор юм. Та юуг бодно хүснэ, тэр л танд ирнэ. Санаанд байхгүй бүхэн заяанд байдаггүй гэж үнэхээр үнэн үг шүү.

-Тэс хоёр өөр ажил мэргэжлээс таны авч байсан, одоо авдаг мэдрэмжүүд юу вэ?

-Төрийн тусгай албанд ажиллана гэдэг аавын хүү болгоны хүсээд хийчихдэг ажил биш гэж боддог. Өмнө нь хийж байсан ажил маань товчхондоо нэг хүнээс нөгөөд шүүхийн шийдвэрээр төлбөр барагдуулдаг ажил. Мөн эцгээс хүүхдэд тэтгэлгийн мөнгийг сар бүр гаргуулдаг ажил юм. Энэ ажлаас би хоёр том зүйлийг мэдэрсэн. Нэгдүгээрт, өртэй айл болгоны хаалгыг тогшоод явж байхдаа олон ч удаа “Хоосон хүнээс хоёр чихийг нь авахгүй юу”  гэсэн хариулт сонсож байсан. Үнэхээр хүмүүс ямар хэцүүхэн амьдарч, амь зогоож байгааг өдөр бүр харж мэдэрдэг байсан. Хоёрдугаарт, хүүхдийн тэтгэлгийн асуудал миний толгойны өвчин байлаа. Хэнтий аймаг гэлтгүй улсын хэмжээнд гэр бүл салалт маш өндөр. Үүний үр дагавраар эцэггүй хүүхдүүд олширч, зарим нь хойд аавын гар харж байна. Энэ бүх хүүхдүүд “төрсөн” эцгийн тэр том нөмөр нөөлгийг мэдрэхгүй өсч байгааг харах, мэдрэх үнэхээр таагүй байсан даа. Тийм ч учраас үүний эсрэг зогсох зорилгыг тээн ажлаа хүлээлгэж өгсөн юм. Дээрх бүх асуудлууд паарнаас гойжиж байгаа ус гэж төсөөлвөл би зөвхөн шалан дээр тогтсон усыг арчдаг ажил хийж байгаагаа ухаарсан. Ингээд паарнаас гойжоод байгаа усыг арчих биш паарны цоорхойг бөглөх ажил хийх ёстойгоо ойлгож, ханцуй шамлан орсон доо. Одоогийн ажлаасаа би маш их эрч хүч энергийг авдаг. Өдөр бүр йогт явж байгаа үйлчлүүлэгчдээсээ талархлын үг сонсож, тэднийгээ өдөр бүр галбиржиж, эрүүлжиж, залуужин амьдралдаа эрч хүчтэй болж байгааг харах сайхан байдаг. Өнөөдөрхөн сонссон таатай мэдээ гэвэл, манай настай үйлчлүүлэгч маань өглөөний йогийн дараа “Багшаа би йогт явснаасаа хойш даралтны эмээ уухаа мартчихсан байна лээ” гэж инээмсэглэн хэлэхийг нь харах маш том сэтгэл ханамж байлаа. Тэс өөр хоёр мэдрэмж шүү.

-Эрүүл мэнд гоо сайхандаа анхаардаггүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Танайд йогаас гадна ямар үйлчилгээнүүд байдаг вэ?

-Манай төвд ирснээр өдөр бүр йог хийхээс гадна эсийн боловсролын талаарх мэдээллүүд авч, эрүүл зөв хооллолтын сургалтууд, гоо сайхан,  арьс арчилгааны зөвлөгөөнүүдийг сонсож, нүүр будалтын практик дадлагуудыг хийж сурдаг. Манай багийнхан Хэнтийчүүддээ сайн зуршлыг, сайхан амьдралыг, хайрын боловсролыг түгээх үүднээс 7 хоног бүр хуваарийн дагуу Аз жаргалын сургалт дамжаа явуулдгаараа онцлогтой. Хүсвэл манайд хандаж ганцаарчилсан зөвлөгөө ч авч болдог шүү. Манай баг хамт олон дотор салбар бүрийн ажил мэргэжлийн, нас насны, хүсэл мөрөөдлөөрөө холбогдсон гайхалтай хүмүүс байдаг. Бусдад туслах чин хүсэлтэй хүн бүрт манай багийн үүд хаалга нээлттэй. 

-Танай йогийн төвөөр ямар насны хүмүүс үйлчлүүлдэг вэ? Гарсан үр дүнгүүдээс хуваалцвал?

-Манай йогийн төвд нас насны хүмүүс хичээллэдэг. 60 гарсан олон үйлчлүүлэгч бий. Бид 14 хоног болгон хэмжилт хийж, үйлчлүүлэгчдийн зөвшөөрсөн үр дүнгүүдийг "khentii Yoga" фэйсбүүк хаягтаа олон нийтэд хуваалцдаг. Одоогийн байдлаар хамгийн их жин хаясан үйлчлүүлэгч маань долоон сарын дотор биеийн тойргоосоо 1м 05 см хасаж, жингээсээ 25 кг илүүдэл өөхөө хайлуулж, биологийн насаа 31-ээр залуужуулж чадсан байгаа. Өөр зөндөө үр дүнгүүд бий. Мөн эрэгтэй үйлчлүүлэгч нар ч байдаг. Хамгийн тод жишээ гэвэл 11 кг хаячихсан сайхан залуу байна. Ямар ч насныхан манай төвөөр үйлчлүүлэх боломжтой юм шүү.

-Зөвхөн йогийн дасгал хийгээд хүссэн жиндээ хүрч чадна гэж үү?

-Машины дөрвөн дугуйны аль нь чухал вэ гэвэл мэдээж дөрвүүлээ. Тэгэхээр хүний биеийг эрүүл, гоё байлгадаг дөрвөн дугуйны нэг нь л йог юм. Машин дөрвөн дугуйтай байж хол явдагтай адил йогаас гадна хэд хэдэн зүйлийг зөв болгож, зуршил болгож байж хүссэн жиндээ хүрч чаддаг. Үүнд би дасгалжуулдаг юм. Манайхыг зорьсон хүн бүрийг хүссэн үр дүнд нь хүргэж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Гол нь та өөрийгөө хуурахгүй байвал шүү дээ.

-Таргалалт дэлхийн тахал болжээ. Үүнтэй хэрхэн тэмцэх талаар та зөвлөхгүй юу?

-Таргалалттай тэмцдэггүй, та өөртэйгөө л тэмцэнэ. Тийм учраас таныг амжилттай дасгалжуулахын тулд манай йогийн төв ажилладаг юм. Өглөө бүр 06:00 цаг,  09:00 цаг, 18:30 цагт бид таныг хүлээж байна.

-Манай эрчүүдийн эрүүл мэнд №01 анхаарах асуудал шиг санагддаг? Танай хамт олны цаашдын зорилго юу вэ?

-Тийм ээ. Эрчүүд маань хэнэггүй, өөрсдийгөө хэтэрхий гаргуунд нь гаргаад байдаг юм шиг санагддаг. Ерөөсөө машиныхаа тоосыг арчина уу гэхээс нүүрнийхээ тоосыг бага л арчдаг улс даа. /инээв/ Гэхдээ өөртөө арчаатай олон мундаг эрчүүд бий шүү. Эрүүл мэндийн хувьд эрчүүд маань эмэгтэйчүүдээсээ хамаагүй бага насалж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Үүний гол шалтгаан нь идэж байгаа хоол, хийж байгаа ажил, амьдралын буруу хэвшлээс үүдэж байна. Бас муу зуршил маш их. /архи, тамхи/ Ер нь эрэгтэй ч бай эмэгтэй ч бай гоо сайхан, эрүүл мэнддээ өдөр бүр анхаарч байх нь эрүүл, урт удаан амьдрах гол үндэс юм шүү дээ. Бидний цаашдын зорилго гэвэл Хэнтий аймгийнхаа сум бүрт хүрч ажиллах, цаашлаад монголчуудаа эрүүл зөв, идэвхтэй амьдралын хэв маягт сургах л байна даа.

-Эерэг бүхнийг нийгэмдээ түгээж, олон хүнийг түүгээрээ дасгалжуулж яваа танд болон танай хамт олонд амжилтын дээдийг хүсэн ерөөе. 

-Маш их баярлалаа. Эерэг байдал гэдэг таны дотор оршиж байгаа гэрэл гэгээ юм шүү. Түүнийгээ ил гаргаж, бусдад харамгүй түгээж чаддаг болсон тэр л өдрөөс таны аз жаргал, амжилт эхэлнэ. Та өдөр бүр инээмхийлж амьдарна. Таны амнаас үргэлж дандаа таатай үгс ундран гардаг сайн зуршилтай болно. Тиймээс бие биенийхээ зөвхөн гэрэлтэй талыг харъя, гэгээлэг сайныг нь магтъя, урам хайрлая, өөрт төрсөн таатай мэдрэмжүүдээ үргэлж дандаа хэлж зуршъя. Ярилцлагынхаа төгсгөлд эрүүл зөв амьдралын хэв маягийг сонгож, өөртөө болон гэр бүлдээ хамгийн сайн сайхныг бэлэглээрэй гэж та бүхэндээ уриалж байна.   

 

Холбоотой мэдээ