Уяачдын наадамд Б.Нямжавын зээрд түрүүллээ

Монголын мэдээ | Спорт
192@montsame.mn
2019-07-13 22:08:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын уяачдын наадам өнөөдөр Хүй долоон худагт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, улсын их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлж, аварга цол хүртээд буй Э.Оюунболд, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүд болон бусад хүмүүс оролцсон юм.

Уяачдын наадмаар жороо морины тойргийн уралдаан, эрлийз бага, дунд, дээд насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан, урлагийн тоглолт болов.


Уламжлал ёсоор наадмын сүүлийн өдөр болдог уяачдын наадмыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин нээсэн юм. Тэрбээр, энэ жил цагаагчин гахай жилийн хувьсгалын 108 жилийн ой,  Халх голын ялалтын 80 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ой, нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн түүхэн том ой давхацсан наадам тохиож буйг тэмдэглэн уяачид болон наадамчин олноо сайхан наадахыг ерөөсөн юм.


Эрлийз морьдын дээд насанд 95 морьд бүртгүүлж гарааны зурхайгаас хөдөлснөөс:

  • Төв аймгийн Баян сумын уугуул, Б.Нямжавын зээрд
  • Төв аймгийн Аргалант сумын уугуул, Д.Амгаланбаатарын халтар
  • Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Ч.Цэрэнбатын хул
  • Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Х. Цогтсайханы хээр
  • Булган аймгийн Хатгал сумын уугуул, Б.Чөдөр-Эрдэнийн зээрд тус тус түрүү айрагт хурдаллаа.


Хязаалан, шүдлэн хамтдаа уралддаг эрлийз дунд насны морьдын уралдаанд 89 хурдан хүлэг уралдсанаас:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, Л.Ганболдын хүрэн халзан
  • Хөвсгөл аймгийн Их Уул сумын уугуул, Б.Мөнхбаярын хээр
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, З.Батбаярын бор
  • Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уугуул, Ц.Хүрэлтулгын хүрэн
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн уяач Л.Мөнхсайханы хээр тус тус түрүүлж айрагдлаа. 

  • Уяачдын баяр наадамд улс, аймаг, цэргийн цолтой хүчит 64 бөх барилдсанаас аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэж, Монгол Улсын начин Л.Лха-Очир түрүүллээ.
Холбоотой мэдээ