Мөрөн-Хатгалын орчимд үерлээд байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2019-07-14 16:17:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр өглөөний 06.00-07.00 цагийн байдлаар Мөрөн-Хатгалын замд үер буугаад байна.

Бороо их орж уулын үер буусан талаар орон нутгаас мэдээллээ. Тодруулбал,  Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Шишхэд, Хангай нурууны арын Чулуут, Урдтамир, өврийн Богд, Буянт, Увс нуурын савын Намир зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 15-75 см-ээр даваад байна.

Мөн Буянт, Ховд, Үүр, Хариг голын ус үерийн түвшинг 10-35 см давсан хэвээр байна. Тиймээс аялагч, жуулчид хамгийн их зорчдог Хөвсгөл нуурын чиглэл Хатгалын замд шөнийн цагаар зорчихгүй байхыг Хатгал тосгоны Захирагчийн ажлын алба анхааруулав. Усархаг борооны улмаас Хатгал тосгоны чиглэлийн Өлхөний сайр, Бэрхэмшийн сайр зэрэг газар үерлэж шөнийн цагт зорчиход эрсдэлтэй болжээ.


Мөн Жанхайн даваа орчмоор үер буусны улмаас жижиг автомашин явах хүндрэлтэй болсон тул аялагч, жуулчин иргэдийг цаг агаарын мэдээг харж аялах, шөнийн цагаар усархаг голуудын орчмоор зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр маргаашнаас буюу энэ сарын 15-17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.



Баруун аймгуудын ихэнх нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орж, жижиг гол, хуурай сайраар уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр байгаа тул үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг наадамчин олон, ард иргэд, аж ахуйн нэгж, аялж, амарч, зугаалж буй хүмүүст ОБЕГ-аас сэрэмжлүүлэн анхааруулж байна. 

Холбоотой мэдээ